Н.Уртнасан албанаасаа буухынхаа өмнө "Улаан тайг"-ын хамгаалалтын дарга Ж.Төмөрсүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Н.Уртнасан албанаасаа буухынхаа өмнө "Улаан тайг"-ын хамгаалалтын дарга Ж.Төмөрсүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

БОАЖ-ын сайд асан Н.Уртнасан сайдын албанаасаа буухынхаа өмнө буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр Улаан тайгын улсын хамгаалалтай газрын хамгаалалтын захиргааны дарга Ж.Төмөрсүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Э.Батцоожийг томилжээ.

Тодруулбал, тэрбээр Улаан тайгын улсын хамгаалалтай газрын хамгаалалтын захиргааны дарга Ж.Төмөрсүхийг Хөвсгөл нуурын хамгааллалтын захиргааны даргаар томилсон учир түүний оронд Хөвсгөл нуурын хамгааллалтын захиргааны мэргэжилтэн Э.Батцоож гэх хүнийг томилсон байна. 

Харин энэхүү томилгоог Улаан тайгын улсын хамгаалалтай газрын хамгаалалтын захиргааныхан эсэргүүцэж, Төрийн албаны зөвлөлд гомдол гаргажээ. 

Учир нь Улаан тайгын хамгаалалтын захиргааг ажлын туршлага, байгаль орчноо мэддэг хүн удирдахгүй бол одоо л нэг хэвэндээ орж байгаа Улаан тайга ахиж сэргэхгүйгээр сөнөх аюултай хэмээн үзсэн байгаа аж.  

Мөн тус албанд шинээр томилогдсон Э.Батцоож нь Хөвсгөл нуурын тусгай хамгаалалтын газарт ажиллаж байхдаа хариуцсан 30 га газраа хамгаалж чадаагүй, ашиг сонирхлын зөрчил гаргасан гэж үзэж байгаа учир ийнхүү эсэргүүцжээ. 

Үнэндээ ч Улаан тайгын улсын хамгаалалтай газрын хамгаалалтын захиргааны дарга асан Ж.Төмөрсүхийг Улаан тайгад хоёргүй сэтгэлээр зүтгэж, нэн ховор ан амьтан, өвс ургамлыг өсч үржих бүхий л таатай орчныг бүрдүүлж, хулгайн ан, хууль бус үйл ажиллагааны эсрэг тэмцэж ирсэн туршлагатай байгаль хамгаалагч гэдгийг хэлэх хүн олон юм. Харин түүнийг ийнхүү Улаан тайгаас холдуулж, Хөвсгөл нуурыг хамгааллуулахаар илгээсэн нь олны анхаарлыг татаж, басхүү эсэргүүцэлтэй тулгараад байна.