Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн байцаагчид болох С, Ц нар бүлэглэн манай улсад оршин сууж буй Солонгосын иргэн Х.Рийг гэртээ байхад нь зодож, биед нь хүндэвтэр гэмтэл учруулаад, дээрэмдсэн хэрэг гарсан талаар бид өмнө мэдээлсэн.
Өдгөө тус хэрэгт яллах дүгнэлт үйлдэж прокурорын байгууллагаас Баянзүрх дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байгаа юм. Тус хэргийг үйлдэх үедээ С, Ц нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэдэг. Иймд тэднийг Эрүүгийн хуулийн 17.2.3.3-д зааснаар 12 жил хүртэл хугацаатай хорих ялаар шийтгэхээр шүүхэд шилжээд байгаа юм.
Бид энэ талаар Татварын ерөнхий газар /ТЕГ/-ын Хүний нөөц, сургалтын хэлстийн дарга С.Орхон, "Төрийн албаны тухай хуулийн 47.1.2-т төрийн албан хаагчийг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон тохиолдолд төрийн албанаас халах заалттай байдаг.
Тиймээс бид хууль хяналтын байгууллагын шийдвэрийг үндэслэж арга хэмжээ авна.
Монголын татварын албаны хувьд төрийн албан хаагчийн ёс зүйг мөрдүүлэх чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлэн ажилладаг. Яг одоогийн байдлаар гэхэд олон улсын ISO 9001 стандартыг мөн нэвтрүүлэхээр ажиллаж байна. Хөтөлбөрийнхөө хүрээнд төрийн албан хаагчийг ёс зүй, ёс суртахуун, зан харилцааны чиглэлийн сургалтад хуваарийн дагуу бүх байцаагчдаа хамруулж, соён гэгээрүүлэх, мэдээлэл сурталчилгааны ажлыг дотоод сүлжээгээрээ тогтмол явуулдаг. Өнгөрсөн 2021 онд гэхэд иргэдээс ирсэн гомдол саналд үндэслэн дотоод хяналт шалгалт явуулж 13 албан хаагчид ёс зүйн арга хэмжээ авсан байгаа. Одоогоор ажлаа хийж байгаа" гэлээ.