Өнгөрөгч Лхагва гараг /2022.01.12/-т болсон Засгийн газрын хурлаар “Шахмал түлш”-ний стандартыг дахин хянах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахыг БОАЖЯ-ын сайд Ц.Уртнасан, Эрчим хүчний сайд С.Тавинбэх, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нарт үүрэг болгосон гэх албаны мэдээлэл гарсан.
Иймд БОАЖ-ын сайд Ц.Уртнасан, Эрчим хүчний сайд С.Тавинбэх нар Улаанбаатар хотын гэр хорооллын зарим газрууд болон Тавантолгой түлш ХХК-нд ажилласан.
Харин энэ үеэрээ БОАЖ-ын сайд Ц.Уртнасан, “Улаанбаатар хотын утааны голомт болоод байгаа газруудад бид дрон нисгэж, тухайн утааг үүсгээд байгаа айлууд шахмал түлш хэрэглэж байна уу эсвэл түүхий нүүрс зэрэг өөр зүйл хэрэглэсэн байн уу гэсэн цуврал шалгалтуудыг хийж учир шалтгааныг зөв олно” гэж мэдэгдсэн.
Тэгвэл маргааш өглөө 07:30 цагт БОАЖ-ын сайд Ц.Уртнасан, Эрчим хүчний сайд С.Тавинбэх нарын албаны хүмүүс Буянт-Ухаагаас нисдэг тэрэг хөлөглөн Улаанбаатар хотын агаарын нөхцөл байдлыг агаараас тандаж, хар утаатай цэгүүдийг зааж, тус газарт нь албаны хүмүүс хяналт шалгалт хийхээр төлөвлөсөн байна. Сонирхуулахад энэхүү агаараас хийх шалгалт өнөөдөр /2022.01.15/ хийхээр анх төлөвлөсөн байсан ч зарим шалтгааны улмаас маргааш өглөө болж хойшилжээ.