Өнгөрөгч Мягмар гараг/2022.01.11/-т БНСУ-ын Гуанжү хотод баригдаж байсан орон сууцны нэг хэсэг нь нурж, томоохон осол гарсан. Ослын улмаас хоёр хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн бол зургаан хүн ор сураггүй болоод байсан юм.
Тэгвэл сураггүй алга болсон нэг хүний байршлыг тогтоосон байна. Гэхдээ барилгын урд талыг тагласан зам дээрх бетонон хог хаягдлыг зайлуулсны дараа аврах краныг авчрах боломжтой бөгөөд үүнд тодорхой хэмжээний хугацаа орохыг албаныхан хэлжээ.
Одоогоор ослын шалтгааныг эцэслэн тогтоогоогүй байгаа ч барилгын талбай хариуцсан ахлах ажилчдын хариуцлагагүй үйлдэлтэй холбон тайлбарлаж байна. Өвлийн улиралд агаарын хэм 0 градусаас буух үед бетоныг зохих хэм хүртэл нь халаах шаардлагатай байдаг аж. Гэвч халаагаагүйгээс бетон болон арматурын наалдамхай чанар алдагдаж, нуралт үүссэн байх магадлалтай гэж албаныхан таамаглажээ. Улмаар тус улсын Хөдөлмөрийн яамнаас барилгын талбай хариуцсан ахлах ажилчдыг шалгаж буйгаа мэдэгдсэн байна.
Тус барилгын гүйцэтгэгч нь “Хьюндай девелопмент” гэх компани байсан аж. 39 давхар, 316 айлын орон сууцны барилгын ажил 2020 оны гуравдугаар сард эхэлсэн бөгөөд мөн оны 11 дүгээр сарын 30-нд дуусгахаар төлөвлөсөн байна.
Гэвч ослын улмаас Гванжу хотын захиргаа Хьюндай Девелопмент Ко (HDC)-ийг хотын нийтийн орон сууцны барилгын төслүүдэд түр хугацаагаар оруулахгүй байх шийдвэр гаргажээ. Тус компани өмнө нь мөн энэ төрлийн хэрэгт холбогдож байжээ. Тодруулбал, өнгөрсөн оны зургадугаар сард Гванжу хотын Дун-гу хотод дахин төлөвлөлтийн хүрээнд нурааж байсан таван давхар барилга зам руу чиглэн нурснаас есөн хүн амиа алдаж, зургаан хүн гэмтэж байжээ. Нураалтын ажлыг мөн л “Хьюндай девелопмент” компани хариуцаж байсан аж. Тиймээс удаа дараа хариуцлагагүй үйлдэл гаргаж олон хүнд хохирол учруулсан тус компанид хатуу хариуцлага ногдуулахыг Солонгосын ард түмэн шаардаж байна.
Эх сурвалж: Yonhap