Дэлгүүр, худалдааны төвийн ажилчид халдвар авч, АНУ-ын зарим сүлжээ дэлгүүрүүдийн лангуу хоосорч эхэлжээ

Дэлгүүр, худалдааны төвийн ажилчид халдвар авч, АНУ-ын зарим сүлжээ дэлгүүрүүдийн лангуу хоосорч эхэлжээ

АНУ-ын зарим сүлжээ дэлгүүрт өргөн хэрэглээний барааны хомстол үүсэж эхэлжээ. Үүнд хүний нөөцийн дутагдал, ачаа барааны нийлүүлэлтийн тасалдал нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна. АНУ Омикрон хувилбарын давлагаанд өртөж, энэ сарын эхээр өдөрт шинээр бүртгэгдэх халдварын тоо 1 саяд хүрсэн. Халдварын тархалтад олон нийтийн үйлчилгээний газрын ажилчид ч өртөж эхэлжээ.

Тухайлбал, “Albertsons” хэмээх дэлгүүрийн маш олон ажилтан халдвар авсны улмаас ажлаасаа гарсан байна. 60 гаруй ажилчинтай тус дэлгүүрт одоо 15 хүн л ажиллаж байгаа аж.

Энэ мэт Омикрон хувилбарын тархалт  дэлгүүр, ресторан, үйлчилгээний газруудаас эхлээд агаарын тээврийн компаниудын ажиллах хүчинд хүртэл нөлөөлж эхэлжээ. Улмаар компаниудын удирдлага ажлын цагийг багасгах, нислэг цуцлах, дэлгүүрүүдийг хаах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээс өөр аргагүйд хүрч байна. Гэвч энэ нь эргээд компанийн ашиг, борлуултад нөлөөлж байгаа юм. Тухайлбал, “Albertsons”, “Kroger”, “Walmart” зэрэг томоохон хүнсний дэлгүүрүүдийн хувьцааны ханш унажээ.

Ковидын шинэ хувилбар АНУ-ын эмнэлгийн системд асар их ачаалал өгөөд байна. Жонс Хопкинсийн их сургуулийн эмхэтгэсэн мэдээллээр тус улсад даваа гараг/2022.01.10/-т 1.5 сая орчим шинэ тохиолдол бүртгэгджээ. Эмнэлэгт хэвтсэн хүний тоо өнгөрсөн өвлийн оргил үеийг давсан байна. Ням гарагт гэхэд 144,441 хүн халдварын эмнэлэгт хэвтсэн гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлэв.

Эх сурвалж: DW

 

 




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө