НӨАТ-ын 8 хувиа төрд өгч, сугалаанд найдахаа больё!

НӨАТ-ын 8 хувиа төрд өгч, сугалаанд найдахаа больё!

-НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАР ГЭЖ ЮУ ВЭ-

Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын зорилго бол мөнгөний урсгалд хяналт тавих, товчхондоо бол НӨАТ нь үйлдвэрлэгч, худалдан авагчийн орлого, зарлагыг мэдэх төрийн арга юм.

НӨАТ-ын улсын төсөвт төлөгдөх хэсэг нь худалдан авагчаас цуглуулсан татвар, бэлтгэн нийлүүлэгчид төлсөн татварын зөрүү байдаг.Үүний үр дүнд аж ахуйн нэгж бүр өөрийн нэмсэн өртөгт татварыг улсад төлдөг. Тэгэхээр энэ татвар улсын төсөв бүрдүүлэхэд жин дарах бус борлуулалт, худалдан авалтад хяналт тавих зорилготой татвар.

Манай монголчуудын ихэнх нь зорчдог БНСУ-д очиж, хэдэн дэлгүүр ороод, буцах замдаа хилийн зооно даваад “Tax free” цонхонд худалдаж авсан барааныхаа баримтыг үзүүлээд, нийт худалдаж авсан юмныхаа үнийн дүнгийн 10 хувийг буцааж авдаг. Энэ бол НӨАТ-ын буцаан авалтаа авч байгаа гэсэн үг. Энэ бол НӨАТ-ын төгс хэрэгжилт. Ердөө л энэ.

-ӨНДӨР ДҮНТЭЙ СУГАЛАА ИРГЭДИЙН ИДЭВХЖҮҮЛЭХ ЗОРИЛГОТОЙ БАЙСАН УУ-

Манайх далд эдийн засгаа цэгцлэх, аж ахуй нэгжийн мөнгөн гүйлгээнд тавих хяналтаа сайжруулахын тулд 2015 оны долдугаар сарын 9-ны өдөр НӨАТ-ын тухай хуулинд шинэчилсэн найруулгыг хийж, хуулийн хэрэгжих хугацааг 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө гэж заасан. Ингээд хуулийн хэрэгжилт, иргэдийн хяналтыг сайжруулахын тулд сар бүр өндөр дүнтэй НӨАТ-ын сугалаа иргэдийн дунд явуулж, жилийн эцэст НӨАТ шингэсэн худалдан авалтынх нь нийт үнийн 2 хувийг иргэдэд буцааж өгдөг болсон. 

Өнөөдөр НӨАТ-ын хуулийг манай улсын иргэд ёстой л толгойдоо ортол ойлгосон гэж дүгнэж болох байх. Учир нь иргэн бүр худалдаж авсан бараа, үйлчилгээнийхээ баримтаа авч, хугацаанд нь E-Barimt -д бүртгүүлж сурсан. Улсын татвараас зугтаах далд эдийн засаг ч ил болж эхэлсэн.

-НӨАТ-ЫН СУГАЛААНД НАЙДАЖ, 2 ХУВИА БУЦААЖ АВАХААС ТАТГАЛЗАЖ, 10 ХУВИА БУЦААЖ АВАЯ ГЭЖ ШААРДАЯ-

Гэтэл өнөөдөр НӨАТ-ын хуулийн үндсэн зорилго монголд эсрэгээрээ хэрэгжиж энэ татвараас олох орлого улсын төсөвт томоохон жин дарж, улсын төсөвийн орлогыг давуулан биелүүлэхэд гол нөлөө үзүүлэх болжээ. Энд дахиад өгүүлэхэд НӨАТ-ын хууль мөнгөний урсгалыг хянадаг, “хяналтын хууль” болохоос улсын төсөв бүрдүүлэх үндсэн зорилготой хууль биш.

Улсын төсөвийн орлогод жин дараад байх нь аргагүй иргэдэд очих ёстой 10 хувийн 2 хувь нь иргэндээ очиж, үлдсэн 8 хувь нь улсад төсөвт үлдээд байгаа учраас тэр.

Нөгөөтэйгөөр жилийн борлуулалтын орлого нь 50 сая болоод түүнээс дээш бол аж ахуй нэгж заавал НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх бол, иргэн сайн дураараа бүртгүүлэх хуулийн зохицуулалттай. Иймд иргэн бүр НӨАТ төлөгч биш. НӨАТ шингэсэн бараа, үйлчилгээ худалдан аваад байгаад л гол учир нь байгаа юм. Хуулийн зохицуулалт нь энэ.

Иймд НӨАТ шингэсэн худалдан авалт бүрийнхээ 2 хувийг буцааж аваад 8 хувиа төрд өгөөд, сугалаанд найдаад суух биш НӨАТ-тай худалдан авалт бүрийнхээ 10 хувиа буцааж авдаг болохыг иргэн бүр эрх баригчдаас шаардах нь өнөөдөр зүйд нийцэх нь.