Өнгөрөгч долдугаар сард Сүхбаатарын талбайд зарим залуус “no naadam” эсэргүүцлийн цуглааныг зохион байгуулсан.
Тэгвэл тус жагсаалд оролцсон Э.Одбаяр, Д.Монголхүү нарыг “гамшгийн үед, хууль бусаар жагсаал цуглаан зохион байгуулсан” хэмээн үзэж, Зөрчлийн тухай хуулийн 5.8.1дахь заалт болон мөн хуулийн 5.13.2-д заасан үндэслэлээр тэднийг цагдаа, прокурорын байгууллагаас буруутгасан байна.
Ингээд өнөөдөр /2022.01.11/ Э.Одбаяр, Д.Монголхүү нарыг шүүх хурал Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, Шүүхээс тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Сонирхуулахад, Зөрчлийн тухай хуулийн 5.8.1-д Хуулиар хориглосон газарт, эрх бүхий байгууллагад бүртгүүлэлгүйгээр, эсхүл мэдэгдэл хүргүүлснээс хойш хуульд заасан хугацаа өнгөрөөгүй байхад жагсаал, цуглаан зохион байгуулсан, эсхүл жагсаал, цуглааны явцад түүний зорилгыг өөрчилж хориглосон жагсаал, цуглаан зохион байгуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Мөн хуулийн 5.13.2-д Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.