ТАЗ-өөс чөлөөлөгдөх шийдвэртэй Б.Болор-Эрдэнийг Засгийн газраас албан тушаал ахиулав

ТАЗ-өөс чөлөөлөгдөх шийдвэртэй Б.Болор-Эрдэнийг Засгийн газраас албан тушаал ахиулав

Ковидын хуулийг ашиглаж, “ямар нэг шалгалт авахгүй”-гээр нийт 1036 хүнийг төрийн албан тушаалд томилоод байгаа статистик гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, “Ковид-19 цар тахлаас урьдчилсан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай" хуулийн 3.2-д, "… албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ" гэж заасан.

Эл хуулиар томилогдсон хүмүүсээс өнөөдрийн байдлаар 500 гаруй нь хуулийн дагуу шалгалт өгч жинхлэгдээд байгаа. Харин Засгийн газрын түвшинд Ковидын хуулиар Төрийн нарийн бичгийн дарга 3,  агентлагийн дарга 17, яам агентлагийн 71 хэлтэс, газрын дарга зэрэг 90 гаруй хүн түр томилогдсон байгаа юм. 

-ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛӨӨС Б.БОЛОР-ЭРДЭНИЙГ ЧӨЛӨӨЛНӨ ГЭЖ МЭДЭГДСЭН Ч ЗАСГИЙН ГАЗРААС АЛБАН ТУШААЛ АХИУЛАВ -

Эдгээр хүмүүс дунд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /ТНБД/ Ц.Эрдэмбилэг, Боловсрол шинжлэх ухааны яамны ТНБД Л.Цэдэвсүрэн, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг нараас гадна агентлагийн дарга нарыг томилсон байдаг. 

Тухайлбал:

  1. Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Э.Дашдэмбэрэл
  2. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар Э.Тамир
  3. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ
  4. Соёл урлагийн агентлагийн дарга Ц.Нацагдолгор
  5. Иргэний нисэхийн ерөнхий газар С.Мөнхнасан
  6. Усны газрын дарга Ш.Мягмар
  7. Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж
  8. Үндэсний геологийн албаны дарга О.Чулуун
  9. Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох нарын хүмүүсийг ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр эл албан тушаалд томилсон байгаа юм.

Төрийн албаны зөвлөлөөс дээрх албан тушаалтнуудыг чөлөөлнө гэж хэдхэн хоногийн өмнө мэдэгдсэн. Гэтэл өнөөдөр /2022.01.16/ Засгийн газар ээлжит бусаар хуралдаж Цахим хөгжил, харилцаа холбооны яамны төрийн нарийн бичгийн даргаар Б.Болор-Эрдэнийг томилсон байна.  Өөрөөр хэлбэл, хуулийн дагуу чөлөөлөгдөх ёстой хүнийг албан тушаал ахиулсан гэсэн үг. Төрийн албаны зөвлөл нь УИХ-ын дэргэд үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр гүйцэтгэх байгууллага буюу Засгийн газар нь УИХ-ын үйл ажиллагааг сөрж шийдвэр гаргаж буй нь энэ томилгооноос харагдаж байна. 

23 дугаар зүйл.Төрийн албан тушаалд тавих тусгай шаардлага

23.2.1.тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 16-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 8-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх гэж заажээ. Гэтэл Б.Болор-Эрдэнэ нь энэхүү шаардлагыг хангахгүй байна. Мөн түүнтэй хамт  Эдийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон Х.Батжаргал ч шаардлага хангахгүй, ажилласан жил нь "босго" давахгүй байгаа юм.