Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлийн анхдугаар чуулган МҮХАҮТ-ын их танхимд эхэллээ. Тодруулахад, ШӨХТГ-ын дэргэд мэргэжлийн холбоод ТББ-ууд нэгдэн зөвлөл байгуулан ажиллаж байгаа юм. Мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой Мэргэжлийн нэгдсэн холбоодын нэгдсэн зөвлөл эхний ээлжинд 10 үйл ажиллагаа явуулахаар төлөвлөснөөс 120 холбоог оролцуулсан Мэргэжлийн холбоодын форумыг зохион байгуулахаар болсон юм.
Өнөөдрийн анхдугаар чуулганаар ЖДҮ эрхлэгч нарт тулгарч, тулгамдаж буй асуудлыг холбогдох албан тушаалтнуудад уламжлах юм. Мөн Засгийн газраас хэрэгжүүлэх гэж буй "Шинэ сэргэлтийн бодлого"-оор дамжуулж асуудлаа шийдвэрлүүлэх зорилго тавьж байна.
Үүнд:
- Стандартыг цөөлөх,
- Төрийн давхардсан чиг үүргийг болиулах,
- Батламжийг бүрэн болиулах,
- Хяналтын 1 байгууллагатай болох,
- Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжих зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Чуулганд төрийн 10 байгууллага, 120 гаруй ТББ-ын төлөөлөл оролцож байна. Чуулганд төр, засгийг төлөөлөн Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцож үг хэлнэ. Мөн УИХ-ын гишүүд, ХЗХЯ, ШӨХТГ, ЖДҮ-ийн газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Стандарт хэмжил зүйн газрын удирдлага, мэргэжилтнүүд оролцож байна.