Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар 30 гаруй асуудлыг хэлэлцэх аж.
Хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа. Тэрбээр “Өнөөдрийн хуралдаанаар Хөшигийн хөндий эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Энэхүү тогтоол батлагдсанаар Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын эдийн засаг, нийгмийн хөгжлийн суурь шийдвэр болно гэдгийг ажлын хэсгийнхэн мэдээлж байна.
Хөшигийн хөндийд байгуулагдах дагуул хотод 150 мянган иргэн, 50 мянган өрх шилжин суурьших тооцоолол байна. Ингэснээр Улаанбаатар хотын агаарын бохирдол 10 орчим хувиар, авто замын түгжрэл 20 орчим хувиар буурах тооцоо байна.
Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа үндсэн чиг үүргийнхээ дагуу хэрэгжүүлэх учраас Монгол Улсын төсөвт нэмэлт ачаалал үүсэхгүй гэдгийг холбогдох албан тушаалтнууд мэдээлж байна” гэв.
ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ: