Ж.Одгэрэл: Нөхрийнхөө амиа алдсан камерын бичлэгийг олон нийтэд задруулбал "шоронд хийнэ" гэж дарамталж байна

Ж.Одгэрэл: Нөхрийнхөө амиа алдсан камерын бичлэгийг олон нийтэд задруулбал "шоронд хийнэ" гэж дарамталж байна

Өнгөрөгч сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Онцгой байдлын албаны Гал түймэр унтраах 63 дугаар ангийн алба хаагч М “Гал алдвал амиа алдана” гэх сэрэмжүүлэх самбар буулгах гэж байгаад өндөр хүчдэлд цохиулж амь насаа алдсан хэрэг гарсан.

Талийгаачийг 24 цагаар ажиллан, ээлжээсээ буух гэж байхад нь тасгийн дарга нь албан бус ажилд явуулснаас уг харамсалтай хэрэг болсон байж болзошгүй байгаа юм. Энэ талаар талийгаачийн эхнэр гэх Ж.Одгэрэл анх олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан байдаг. Тэгвэл тэрбээр өнөөдөр мөн хэрэг явдлын талаар хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэрбээр “Нөхрийнхөө үхлийн шалтгааныг олохоор хэвлэлийн бага хурал, өлсгөлөн зарласан өдрөөс эхлээд өнөөдрийг хүртэл надад маш их дарамт ирж байна. Тиймээс би нотлох баримттайгаар тайлбар өгөх гэсэн юм.

Би Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргасан байгаа. Учир юу гэвэл, өнгөрсөн сарын 15-ны өдөр талийгаач нөхрийн маань ар гэрийнхэн хэвлэлийн бага хурал хийхдээ намайг “жирэмсэн биш” гэж гүтгэн доромжилсон. Би үүнд гомдолтой байна, нэр төрөө сэргээлгэмээр байна. Энэ хэрэгт би хохирогчоор татагдаж эрүүгийн хэрэг үүсчихсэн явж байгаа. Мэдээлэл хийсэн өмгөөлөгч ч мөн энэ хэрэгт холбогдогчоор татагдаж байгаа. Хуулийг сахиулах ёстой хүн худал ярьж, хүнийг гүтгэн доромжилбол жирийн иргэнээс хоёр дахин илүү ялаар шийтгэгдэг байгаа.

Намайг жирэмсэн биш гэж гүтгэсэн. Тиймээс би өнөөдөр жирэмсний хяналтын бүртгэлийн бичиг баримтуудаа авч ирсэн. Би нөхрийнхөө үхлийн хэргийн үнэнийг олох гэж л явж байна. Гэтэл нөхрийн маань ар гэрийнхэн намайг гүтгэн доромжилж, харлуулж хэвлэлийн бага хурал хийсэн учраас би өөрийнхөө нэр төрийг сэргээлгэхээр цагдаа, хэвлэлийнхэнд хандсан.

Надад ослын камерын бичлэг байгаа. Гэтэл намайг олон нийтэд дэлгэвэл шоронд хийнэ гэж цагдаа, прокуророос дарамталж байна. Камерын бичлэгийг төрийн нууц гэж надад хэлсэн. Энэ улс төрийн хэрэг биш шүү дээ. Олон нийтэд ил болсон хэргийн камерын бичлэгийг задалж болно” гэв.

 




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө