Манай улсад улирлын шинж чанараас үүдэж, хэрэг гарах нөхцөл байдал харилцан адилгүй өөр өөр төлөвтэй байсаар ирсэн. Жишээлбэл, зуны улиралд иргэд өөрсдийн санамсар болгоомжгүй, хайхрамжгүй үйлдлээс болж усанд осолдох, орон нутгийн замд амь насаа алдах тохиолдол их байдаг бол өвлийн улиралд автомашиндаа угаартах, халтиргаа гулгаанаас болж бэртэж гэмтэх түгээмэл гардаг билээ.
Харин сүүлийн үеүдэд иргэд санамсар болгоомжгүй, өөрсдийн буруутай үйлдэл биш бусдын санаатай, хорлон сүйтгэх ажиллагаанаас болж ихээр хохирсоор байж болзошгүй байна. Тухайлбал, өнгөрсөн 2021 оны арванхоёрдугаар сард гэхэд л 16 настай өсвөр насны хоёр хүүхэд 10 гаруй автомашины толийг санаатайгаар хагалсан хэрэг гарсан. Тэгвэл тус сард болон энэ оны нэгдүгээр сарын 02-нд буюу нэг сар хүрэхгүй хугацаанд яг нэг байршилд дөрвөн удаа автомашин шатсан хэрэг гарсан байна. Иймд манай сурвалжлах баг чухам юуны улмаас автомашин шатаж байгаа болон энэ төрлийн гэмт хэрэг хэрхэн шийдвэрлэгдэн үлддэг талаар сурвалжилж, хэргийн газрыг зорьж сурвалжлан иргэдэд сэрэмжлүүлэг хүргэлээ.
-НЭГ ШӨНӨ ДАРААЛЖ, ГУРВАН АВТОМАШИН ШАТСАН, ХЭРЭГТНИЙГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА-
Хэргийг тодруулбал, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, 10-р хороололд байрны гадна автомашины зогсоол болон дулаан грашд байрлаж байсан автомашиныг шатаасан байна.
Хачирхалтай нь арванхоёрдугаар сарын 22-ны шөнө 12:00, 02:00, 04:00 цагийн орчимд дараалан тус хорооны зэргэлдээ 16, 17, 18 гэх гурван байрны гадна байсан автомашин шатсан байгаа юм.
Энэ талаар тус хорооны 18-р байрны СӨХ-той уулзаж тодруулахад, “Оны өмнө хүний санаатай үйлдлээс болж бусдын эд хөрөнгө шатсан байж болзошгүй хэрэг гарсан. Учир нь 18-р байрны камерын бичлэгийг шүүж үзтэл нэг эрэгтэй куртикээ тайлаад хучлагатай автомашины доогуур хийж, шатааж буй дүр зураг үлдсэн байсан. Тус өдрийн шөнө дараалж яг гурван ийм хэрэг гарсан” гэлээ. Мөн хучлагатай автомашиныг шатааж байх үед 17-р байрны СӨХ гал команд яаралтай дуудаж, оршин суугч гарч ирэн хучлагыг хуулж авснаар бага хохирол амссан гэдгийг ч хэлж байв.
Харин хамгийн сүүлд энэ сарын 02-ны өдөр мөн хучлагатай автомашин шатсан хэрэг дээр шинжээчийн баг ажиллаж, галын шалтгаан бусдын санаатай үйлдлээс болж гарсан бол хэрэг үүсгэж шалгана гэж албаныхан мэдээлэв. Одоогоор ямар шалтгааны улмаас шатсан талаар тодорхой хэлэх боломжгүй, дүгнэлт гараагүй байгаа аж. Улмаар тухайн иргэнийг эрэн сурвалжилж байх хооронд дээрх хэрэг явдал гарчээ.
-САНААТАЙГААР ГАЛ ТҮЙМРИЙН ОСОЛ ГАРГАСАН БОЛ ШАЛГАЖ, ХЭРЭГ НЭЭНЭ-
Манай улсад зарим иргэдийн хайхрамжгүйгээр татсан тамхины ишээ унтраалгүй хаяснаас болж орон сууцны тагт зэрэг зүйлс шатсан хэрэг бүртгэгдэж байсан болохоос тамхины ишийг унтраалгүй хаяснаас болж автомашин шатсан хэрэг огт гарч байгаагүй байна. Харин санамсаргүй гал алдсан тохиолдолд зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч, гал түймрийн хохирлыг барагдуулдаг бол санаатайгаар гал түймрийн осол гаргасан тохиолдолд цагдаагийн байгууллага шалгаж, зөрчлийн хэрэг нээдэг юм байна. Иймд ард иргэд автомашинаа камержуулалт болон хүний хөл хөдөлгөөн их газар байршуулж, зориулалтын талбай зогсоолд зогсож, өөрийн эд хөрөнгөө болзошгүй аюулаас сэргийлэхийг уриалж байна.