УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал нар УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж болох “давхар дээл”-ийн асуудлаар Цэцэд хандсан бөгөөд маргаан үүсгэж өнгөрсөн сарын 27-ны өдөр дунд суудлын хуралдаанаар хэлэлцэхээр товлосон ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан.
Тэгвэл ямар шалтгаанаар дунд суудлын хуралдааныг хойшлуулсан талаар Үндсэн хуулийн цэцийн хэвлэлийн төлөөлөгч Ц.Нэргүйгээс тодруулахад "Дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Н.Энхболд оролцох байсан ч халдварын нэгдүгээр хавьтал болсон учраас оролцох боломжгүй гэсэн хүсэлтийг ирүүлсэн. Өөрийн биеэр оролцох хүсэлтэй байсан ч хүндэтгэх шалтгаан гарсан учир харгалзан үзсэн. Дараагийн хуралдааны тов тодорхой болоогүй байна" гэв. УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь УИХ-ын баталсан хуулиа хамгаалж, Үндсэн хууль зөрчөөгүй гэдгийг нотлох үүрэгтэйгээр хуралдаанд оролцдог юм.