Ерөнхий сайд асан С.Баяр NTV телевизийн “Уганда клуб” нэвтрүүлэгт зочноор оролцох үеэрээ, “Манай намын сайндаа биш нөгөө хэдийнх нь муудаа болоод байна” гэж АН-ын өнөөгийн байгаа байдлыг маш оновчтой дүгнээд авсан.
Үнэндээ одоог хүртэл АН-ыг С.Эрдэнэ удирдаж, нэр хүндийг нь улам унагаж байгаа бол, УИХ дахь АН-ын бүлэг ч парламентад сөрөг хүчний ажлаа хийж чадахгүй байгаа нь туйлын үнэн.
-Д.ГАНБАТЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ БАЙГАА ТУЛ УИХ ДАХЬ АН-ЫН БҮЛЭГ ХУРАЛДАЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА АЖ-
Учир нь УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүмүүс ба бусад гэж хуваагдсан. Ингээд “бусад” гэх ангилалд хамаарах УИХ-ын гишүүн Д.Ганбат зэрэг гишүүд С.Эрдэнийн АН-ыг бараадах болсон. Харин тус намын лидерүүд, ихэнх гишүүд нь одоо АН-аар шагайхаа байсан аж. Тэгвэл өнгөрсөн жил /2021 он/-ийн тал хугацаанд УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж чадахгүй, Д.Ганбат ганцаараа хуралдсаар ирсэн талаар эх сурвалж мэдээлжээ. Учир нь АН-аас нэр дэвшиж УИХ-д сонгогдсон парламентын гишүүд нь Д.Ганбатыг бүлгийн даргаар хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэх. Мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
-С.ЭРДЭНЭД ТААЛАГДСАН ЗАЛУУСЫГ Д.ГАНБАТ УИХ ДАХЬ БҮЛГИЙН ЗӨВЛӨХӨӨР ТОМИЛОХ БОЛСОН УУ-
Харин УИХ дахь бүлгийн дарга Д.Ганбат С.Эрдэнэтэй хамтарч улс төр хийхээс гадна, түүнтэй хамт хэвлэлийн хурал ч хийх болсон. Мөн УИХ-ын гишүүн Д.Ганбат өнгөрөгч арваннэгдүгээр сарын 30 /2021.11.30/-ны өдөр С.Эрдэнийн АН-д “улс төрийн бодлого хариуцсан” Тэргүүн дэд даргаар томилогдсон. Харин үүний дараа Д.Ганбатын дотнын найз УИХ-ын гишүүн асан Г.Баярсайханыг С.Эрдэнэ өөрийн АН-даа нарийн бичгийн дарга /НБД/-аар томилсон.
Товчхондоо, С.Эрдэнэ, Д.Ганбат нар нэг нэгнээ урамшуулж, өөрсдийнхөө мэдлийн хүрээнд албан тушаалд өгөх болжээ.
Мөн шинэ оны өмнөхөн С.Эрдэнийн АН-ын Дүрмийн хорооны гишүүн Д.Ганбаяр гэх залууг УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөхөөр Д.Ганбат томилжээ. Тэрээр С.Эрдэнийн бодлогыг хатуу дэмждэг нэгэн аж. Тодруулбал, М.Тулгат, О.Баасанхүү нар мэдээлэл хийж, “АН нэгдэх яриа хэлцлийг О.Цогтгэрэлтэй хийж, Улсын Дээд шүүхэд хандсан” талаараа мэдэгдэхэд хэвлэлийн хурлын төгсөлд Д.Ганбаяр гэх залуу “энэ бол албан ёсны намын байр суурь биш” хэмээн мэдэгдэл хийж байж.
АН-ын хэвлэлийн хурал:
Товчхондоо, хүүг нь ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид очиж эргэсэн Д.Ганбатыг С.Эрдэнэ өөрийн АН-ынхаа Тэргүүн дэд даргаар томилж, найзыг нь Нарийн бичгийн дарга болгосон бол, С.Эрдэнийн бодлогыг дэмжиж М.Тулгат нарын эсрэг мэдэгдэл хийсэн Д.Ганбаяр гэх залууг АН-ын бүлгийн зөвлөхөөр Д.Ганбат томилж, тэд нэгнээ урамшуулах болсон бололтой.