Шинэ он солигдох мөчид Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар,Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар уламжлал ёсоор нийт иргэдэд хандаж “шинэ жил”-ийн мэндчилгээ хүргэлээ. Иймд бид тэдний мэндчилгээг тоймлон хүргэж байна. Товчхондоо, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын мэндчилгээний утга санаа адилхан гэж болохуйц байсан бол, УИХ-ын дарга Г.Занданшатарын мэндчилгээний агуулга тэднээс өөр байв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилээ:
-У.ХҮРЭЛСҮХ, Л.ОЮУН-ЭРДЭНЭ НАР МЭНДЧИЛГЭЭНДЭЭ ЭМЧ, ЦЭРЭГ, ЦАГДААНАРТ ТУСГАЙЛАН ТУСГАЙЛАН МЭНДЧИЛГЭЭ ХҮРГЭСЭН Ч ХУВИЙН ХЭВШЛЭЭ ОРХИГДУУЛАВ-
Тухайлбал, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар мэндчилгээндээ “эмч, сувилагч, цэрэг,цагдаа, онцгой байдлын алба хаагч”-дыг тусгайлан дурдсан нь онцлог байв. Харин тэд мэндчилгээндээ “татвар төлж, улсын төсвийг бүрдүүлж хувийн хэвшлийнхэн”-д ийнхүү тусгайлан мэндчилгээ хүргэсэнгүй.
Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, “Он солигдох энэ торгон мөчид дархан хилээ манаж байгаа эр зоригт хилчид, энхийг сахиулах үйлсэд улсаа төлөөлөн зүтгэж буй эрэлхэг дайчид, хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд зогсож байгаа эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд, улс орон, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа төрийн албан хаагчид, цэрэг, цагдаа, онцгой байдлынхандаа Монгол Улсын Ерөнхийлөгч тусгайлан баяр хүргэж, гүн талархал илэрхийлье” гэсэн юм. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Он солигдох торгон мөчид өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, эх орныхоо дархан хилийг манаж буй хилчид, цэрэг дайчид, албан үүргээ гүйцэтгэж буй эмч сувилагч, цагдаа, онцгой байдал, эрчим хүч, нийтийн үйлчилгээний салбарын төрийн албан хаагчиддаа нийт иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэндчилгээ:
Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар, “Дэлгэр Монгол орондоо болон дэлхий ертөнцийн өнцөг булан бүрд аж төрөн, амьдарч суугаа Элэг нэгт эрхэм хүндэт монголчууд аа, Та бүхэндээ угтан золгож буй Шинэ 2022 оны баярын мэндчилгээ өргөн дэвшүүлье” хэмээж өргөн олныг хамруулсан юм.
-У.ХҮРЭЛСҮХ, Л.ОЮУН-ЭРДЭНЭ НАР “ОЮУТОЛГОЙ”-Г МЭНДЧИЛГЭЭНДЭЭ ДУРДСАН БОЛ, Г.ЗАНДАНШАТАР ДУРДСАНГҮЙ-
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэндчилгээндээ, “Оюутолгой төсөл”-ийг онцгойлон дурдсан. Тухайлбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, “Оюу толгой төслөөс манай ард түмний хүртэх үр өгөөж, ашиг шим нэмэгдэх таатай боломж бүрдлээ. Энэ бол Монголын ард түмэн, төр, засгийн нэгдмэл байдал, тууштай бодлогын үр дүн юм” гэж дурдсан.
Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Оюу толгой төслийн Далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг ирэх жил эхлүүлэх боломж бүрдэнэ. Оюу толгойн хэлэлцээрийн үр дүнд 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй болсноор, Оюу толгой төслийн Монголын талын эзэмших 34 хувь үнэ төлбөргүй ирж, Монголчууд бид анх гэрээ байгуулж байсан ТЭГ гараан дээрээ дахин ирлээ” хэмээн онцлов.
УИХ-ын дарга Г.Занданшатарын мэндчилгээ:
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар мэндчилгээндээ Оюутолгой төслийн талаар дурдаагүй ч, тэрээр “Ийм баян тансаг орны иргэд бусдаас дор амьдарч болохгүй. Үүний тулд Монгол түмний шинэ, гэрэлт ирээдүйн замыг засах түүхэн цаг нэгэнт тохиогоод байна. Энэ бол хоёр дахь зууны шинэ эрмэлзэл, шинэ тэмүүлэл байх болно” гэсэн юм.
-ЦАР ТАХЛААС ҮҮДЭЛТЭЙГЭЭР ЭДИЙН ЗАСАГ 4,5, 5,3 ХУВЬ ХҮРТЭЛ АГШСАН ГЭЖ ЗӨРҮҮТЭЙ ДУРДАВ-
Харин төрийн гурван өндөрлөгүүдийн мэндчилгээнд “ковид цар тахал” гэсэн үг олонтой давтагдаж, энэхүү халдварт өвчнөөс болж манай улсын эдийн засаг буурсан ч одоо сэргэж байна хэмээгээд зөрүүтэй тоог дурдсан юм. Тухайлбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, “Цар тахлаас үүдэлтэйгээр эдийн засаг 2020 онд 4.5 хувиар агшиж байсан бол төр, засаг, хувийн хэвшлийн хамтын зүтгэлийн дүнд энэ оны эхний есөн сарын байдлаар 3.6 хувиар өсөж, 300 гаруй мянган ажлын байрыг хадгалж чадлаа” гэсэн юм. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар мэндчилгээндээ, “Монгол Улсын эдийн засаг 2021 оны гуравдугаар улирлын байдлаар 3.6 хувь өсөж, жилийн дүнгээр 4.0 орчим хувийн өсөлттэй гарахаар байна” гэв. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Цар тахлаас үүдэж, -5.3 хувь хүртэл агшсан эдийн засгаа 2021 оны эцсийн дүнгээр 3.4 хувийн өсөлттэй гаргаж чадлаа” гэсэн юм.