А.Цэрэнбат: Э.Бат-Үүлийг хорьж, Д.Хаянхярвааг суллаад Шүүх байгууллага хоёр нүүр гаргаж байна

А.Цэрэнбат: Э.Бат-Үүлийг хорьж, Д.Хаянхярвааг суллаад Шүүх байгууллага хоёр нүүр гаргаж байна

Ардчилсан намын Нийслэлийн хөгжлийн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга А. Цэрэнбаттай ярилцлаа.

-FreeBatuul нээлттэй микрофоны талаар ярьж өгөөч?

-Бат-Үүл гэдэг хүнийг Монголчууд бүгд мэдэх байх. Мөн нийслэлийн Ардчилсан  намын дарга. Бат-Үүл 2012-2016 онд Нийслэлийн засаг даргаар ажилласан. Энэ үедээ олон ажлууд хийсэн. Автобусны нэгдүгээр эгнээг чөлөөлж карт нэвтрүүлсэн. Автозамын олон уулзваруудыг шинэчлэл, Буянт ухаа 1,2 хороолол, Дүнжингарав нэг цэгийн үйлчилгээ гээд ярид байвал барагдахгүй олон ажлуудыг хийсэн. Одоо Бат-Үүлд 4 жилийн хорих ял өгч хориод байна. Энэ бол улс төрийн хэлмэгдүүлэлт, улс төрийн хоригдол. Тиймээс бид Бат-Үүлийг чөлөөл хөдөлгөөнийг өрнүүлж нээлттэй микрофоныг С.Зориг агсны хөшөөний урд өдөр бүр хийж байна.

-Яагаад чөлөөлөх ёстой гэж зарим хэсэг үзээд байна ш дээ үнэхээр шүүхээр нотлогдсон юм биш үү?

-2020 оноос хойш Ардчилалын олон залуусыг төдийгүй лидерүүдийг бүгдийг барьж хорьсон. Тэгээд нэр хүндийн унагааж, авилгач, албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн хорьж байгаад хэрэг нь нотлогдохгүй болохоор эргүүлээд сулладаг. Иргэд бол тэр хүн үнэхээр гэмт хэрэгтэй юм байна гэсэн бодолтой үлддэг. Эргээд хэн ч хариуцлага хүлээдэггүй, тэр хүн төдийгүй Ардчилалын нэр хүнд унаад хоцордог хор уршигтай. Одоогийн хотын дарга хүртэл би гомдол гаргаагүй мэдэхгүй хэмээж байгаа. Энэ бол захиалгат улс төрийн жүжиг. Одоо шүүхэд бид итгэхгүй байна. Яагаад гэвэл нэг тэрбумын авилга авсан Д.Хаянхярваа 40 сая төгрөг төлөөд сул явж байна. Ахмадуудын тэтгэврйн 240 тэрбумыг алга хийсэн н.Ундармаа сул явж байна. Ардчилсан намын гишүүн гэдгээрээ ял авах цаг ойрхон ирсэн. Шүүх хуулийн байгууллагууд хоёр нүүр гаргаж байна. Эрх баригч Ардын намын гишүүд хулгай дээрэм хүчин хийж байхад тоохгүй орхиж, энгийн иргэдэд бол дарангуйлал үзүүлж хатуурхаж нийгмийг айдсаар удирдаж байна. Иргэн бид шудрага шүүхээр шүүлгэх эрхтэй үүнийгээ нэхэж, сануулж цуглаж байгаа юм. Үнэндээ шүүхэд итгэх итгэл алдарч байгаа.

-Шүүхийн шинэчлэл маш сайн явагдаж байна гэж эрх баригчид ярьж байгаа шүү дээ?

-Шүүхийн шинэчлэл бол жүжиг гэдэг нэгэнт тодорхой, тэр шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болсон хүнийг харахад ойлгогдох байх. Тэгээд ч Ц.Нямдорж засгийн газрын гал тогоог барьж байгаа энэ цагт шүүх хэзээ ч шинэчлэгдэхгүй нь ойлгомжтой болсон.

-АН-ын хагарал энд ч бас нөлөөлдөг байх, танай намын учираа олох юу болж байна, та нар сөрөг хүчин байж чадахгүй байгаа юм биш үү?

-Ардчилсан намын маргаан ил, тэмцэл гаднаа явсаар 30 жил болсон. Харин Ардын нам 30 насандаа 1951 онд үүсгэн байгуулагч нараа бүгдийг үгүй хийсэн ямар ч Ардчилалгүй нэг хүний дарангуйлал дор явж байсан байдаг. Үүний хажууд бид харин энхийн цагаан тагтаа. Яахав тэр үед цаг үе өөр байсан байх. Ардчилсан нам шуурга үедээ явж байна. Энэ бол сүүлийн хэдэн жил болсон үйл явдал биш, маш олон учир шалтгаан байдаг. Анх 1990 оны бага хурлын дарга буюу Монгол улсын дэд ерөнхийлөгч хэн болох вэ гэдгээс үүдэлтэй маргаан тэмцлийн үр дүн. Энэ талаар судлаж ном бичиж байгаа.

-Сонирхолтой санагдлаа, жаахан дэлгэрэнгүй яриач?

-Монголчууд С.Эрдэнэ,  Ц.Туваан гэдэг хүмүүсээс болж Ардчилал хагарсан гэж хардаг. Тэр хоёрын дараа М.Тулгат, О.Цогтгэрэл гээд. Гэтэл үнэндээ бол үгүй, энэ маргаан Р.Гончигдорж, М.Энхсайхан нарын үед 1990 онд эхэлсэн байдаг. Тэгээд Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, С.Эрдэнэ, Х.Баттулга, С.Эрдэнэ,Ц.Туваан нарын үе хүртэл үргэлжилсэн. Энэ бол МоАХ буюу МҮАН ба АСХ хөдөлгөөн буюу МСДН хооронд үүссэн хагас жарны хагарал тэмцэл юм. Онолоор бол ялалтын төлөө механикаар нэгдсэн барууны МҮАН болон зүүний үзэл баримтлалтай МСДН намуудын хэзээ ч дуусахгүй үзэл санааны зөрчилдөөн. Энэ талаар номондоо дэлгэрэнгүй бичиж байгаа. Тэмцэлдээн хэрхэн дуусахыг ч бичсэн. Бид яагаад ялагдаад байгаа ч олж мэдэн тэмдэглэсэн. АН 2000 онд үнэндээ 5 нам нэгдсэн гэдэг ч үгүй харин задрал явагдсан гээд олон асуудлууд байдаг. Дараа жил эхээр хэвлэгдэж гарах байх.

-Яавал Ардчилсан нам эргэн нэгдэж нягтарч хүчтэй сөрөг хүчин болох бол?

-Ардчилсан намын уналт дуусна, эргэн сэргэх нь тодорхой энэ бол цаг хугацааны асуудал. Гэхдээ нэг зүйл байгаа бид үзэл санаан дээрээ эргэн очих ёстой, үндэсний үзлээ сэргээх хэрэгтэй. Яриул их урт учир ном гарахаар олж уншаарай. Аливаа байгуулага 4 үеийг туулдаг гэдэг. Байгуулагдах, шуурга, ойлголцож нягтрах, үр дүн. Бид одоо шуурга үеээ давж гарах хэрэгтэй, бидэнд Монголыг богино хугацаанд эдийн засгийн өндөр хөгжилтэй орнуудын түвшинд хүргэх чадвар бий.

-Шинэ он гарах гэж байна 2022 ямар он жилүүд байх бол Ардчилсан намын хувьд мөн Монголчуудад?

-Ардчилсан намын лидерүүд ойлголцож бид эвэндээ орох болно. Гишүүд үүнд итгэлтэй байх хэрэгтэй. Бид үүнээс хүнд олон зүйлийг даван гарч байсан. Тэр тусмаа манай 90 оны залуус. Өлсгөлөн, цэрэг цагдаа, 2000 оны ялагдал ганц Л.Гүндалай гишүүнтэй гэхдээ үзэлцээд нягтраад, 2008 оны долдугаар сарын 01 гэх мэт. Улс төр бол тэвчээрийн асуудал байдаг. Одоо болж байгаа зүйлүүд бүгд замхрана цаг хугацаа өнгөрөх бүр бүх зүйл тодорхой болно.

Монгол улсын хувьд эдийн засгийн хүндрэлүүд ихсэх нь тодорхой, үүнийг дагаад ажилгүйдэл, ядуурал зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүд нэмэгдэх хандлагатай болж байна. Төр засгаас үүнд бэлтгэлтэй байж, иргэдээ айлгах, дарангуйлах бус ойлголцох, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн хамтран ажиллах хэрэгтэй болно. Нийгмийн сэтгэл зүй маш эрсдэлтэй болж байна. Энэ бүхнээс урьдчилан сэргийлж ажиллах хэрэгтэй болов уу.

-Ярилцсанд баярлалаа




Өнөөдөр нохой өдөр

56 минутын өмнө

Өнөөдөр тахиа өдөр

23 цагийн өмнө