Булган аймгийн Могод сумын уугуул, Жудо бөхийн олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх, улам нэмэх, улсын манлай начин Эрдэнэбилэгийн Энхбатыг өнөөдөр /2021.12.31/ өглөө "Спортын төв ордон"-оос сүүлчийн замд нь үдлээ.
Талийгаачийг үдэн гаргах ёслолд түүний ар гэр, найз нөхөд, төрөл төрөгсөд, бөхөд хайртай олон түмэн цуглаж, түүнд хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбат нь олон түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн сайн бөх, сайн анд нөхөр байсныг сүүлчийн замд нь үзэх ёслолд цугласан олон бэлхнээ илтгэж байв.
Ээжийгээ, ахыгаа түшин эхэр татан уйлах талийгаачийн гурван бяцхан үр, ханиа алдсан бүсгүйн харууслын нулимс олон хүний сэтгэлийг эмзэглүүлж байсныг энд дурдах нь зүйтэй болов уу.
Талийгаачийн бага хүү насаар бага тул учрыг олохгүй аавыгаа хайж байгаа бололтой бүлтэлзэж, ёслолд ирсэн олныг харан гайхширч, дэргэд нь зогсоод уйлах ээж, эгчийгээ дагаад уйлж зогссон нь өөрийн эрхгүй зүрх шимшрүүлж байлаа. Талийгаачид хүндэтгэл үзүүлэх олныг хараад эхэн татан уйлах охидын нулимс, хүүгээсээ тас зуураад уйлж зогсох гэргийн нулимс юутай гашуун, юутай эмгэнэлтэйг үгээр илэрхийлэхийн аргагүй.
Талийгаачийг үдэн гаргах ёслолд Улсын аварга Ч.Санжаадамба, Улсын арслан Х.Мөнхбаатар, Д.Азжаргал, Улсын гарьд И.Доржсамбуу, Ш.Жаргалсайхан, Улсын харцага А.Цацабшир, Ш.Мөнгөнбаатар, Улсын начин Д.Амаржаргал, Б.Бат-Эрдэнэ, Х.Цогтгэрэл нарын бөхчүүд, Булган аймгаас УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын хүмүүс ирсэн байв.
Талийгаач нь 1984 онд Булган аймгийн Могод суманд малчин ард Эрдэнэбилэгийн ууган хүү болон мэндэлжээ. Тэрбээр 1992-2002 онд Булган аймгийн ерөнхий боловсролын Эрдмийн өргөө цогцолбор сургууль, 2002-2006 онд Биеийн тамир спортын аварга дээд сургуулийг дүүргэжээ.
2001 онд Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлж, улмаар 2002 оноос Жүдо бөхийн улсын шигшээ багийн тамирчнаар элсэж, сайн нөхдийн хүрээлэл, эрдэмт багш нарын зааж сургаснаар бөхийн эрдэм авьяасыг үзүүлэн 2008 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, 2010 оны Чингис хаан дэлхийн цомын хүрэл медаль, 2011 оны Чиндаугийн гранпрагийн хүрэл медаль 2021 оны дэлхийн цомын аварга, 2013 оны Макаогийн грапригийн мөнгөн медаль, 2013 оны Алматагийн хүрэл медалийг хүртэж, төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлсэн жүдо бөхийн алдартай тамирчны нэгэн байлаа. Тэрээр 2009 оны Улсын их баяр наадмаар таван даван шөвгөрч улсын начин цол хүртсэн байна. Мөн 2012, 2013, 2019 оны баяр наадамд тав давж, нийт дөрвөн удаа улсын баяр наадамд шөвгөрч, Монгол Улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх, улам нэмэх, улсын манлай начин хэмээх эрхэм хүндтэй цолын эзэн байлаа. Талийгаач Э.Энхбат нь 2021 оны дөрөвдүгээр сард бусдад зодуулж, хүнд гэмтэл авч, гадаад дотоодын эмнэлэгт эмчлүүлсэн боловч тусыг эс олж, арванхоёрдугаар сарын 24-ны өдөр таалал төгссөн юм.
Түүний ар гэр, төрөл төрөгсөд, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье.