НҮБ-аас Монгол Улсын Гадаад харилцааны яаманд мэндчилгээ ирүүлэв

НҮБ-аас Монгол Улсын Гадаад харилцааны яаманд мэндчилгээ ирүүлэв

Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсэн байгуулагдсаны 110 жилийн ойг тохиолдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммедаас баярын мэндчилгээ ирүүлэв.

Мэндчилгээнд энэ онд Монгол Улсад НҮБ-д гишүүнээр элссэний 60 жилийн ой мөн тохиож буйг дурдаад өнгөрсөн хугацаанд Монгол Улс олон талт үзэл, олон талт дипломат харилцааг дэмжих, мөн бүс нутаг болон дэлхий дахинд энх тайван, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийг хангах үйлсэд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг өндрөөр үнэлсэн байна.

Түүнчлэн Монгол Улсын НҮБ-ын энхийг сахиулах үйлсэд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж, Монгол Улсын Засгийн газар “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” хөтөлбөрийг тууштай дэмжиж эмэгтэй энхийг сахиулагчдын үүргийг нэмэгдүүлэх эрмэлзэл төгс байсаар ирсэнд гүнээ талархаж байгаагаа илэрхийлсэн байна.

Мөн Мянганы хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлж байх үед одоогийн Тогтвортой хөгжлийн 16 дугаар зорилгын урьдач болсон Засаглал, хүний эрхийн асуудлаарх 9 дэх зорилгыг нэмж оруулсан анхны улс нь Монгол Улс байсан гэдгийг онцлоод Тогтвортой хөгжлийн зорилгуудад хүрэхийн төлөөх Монгол Улсын идэвхтэй үйл ажиллагаанд талархаж, баяр хүргэжээ.

Хатагтай Амина Мохаммед “хүн бүрийн төлөөх тогтвортой, уян хатан ирээдүйг бүтээх үйлсэд НҮБ Та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна” гэжээ.