Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилтийн талаар нийтийн сонсголыг хийж байна. Гэвч “Тэвчээр тасарлаа”, “Yes or No”, “Double standart” зэрэг хөдөлгөөний төлөөллүүд ач холбогдол бүхий чухал сонсголыг олон нийтийн анхаарал баяр руу төвлөрсөн үед хийж байгаа нь буруу гэж үзэн өөрсдийн байр сууриа илэрхийллээ.
“Doublestandart” хөдөлгөөний гишүүн Д.Монголхүү “Нээлттэй гээд байгаа хэлэлцүүлэг нь иргэдийн эрх, эрх чөлөө, оролцоог хангасан хэлэлцүүлэг болж чадахгүй юм байна гэдгийг бид 12 дугаар сарын 20-нд мэдэгдсэн. Үүний дагуу гурван бүлэг бүхий шаардлагыг УИХ-ын байнгын хороо, УИХ-ын дарга, хэлэлцүүлгийг даргалж ажиллахаар томилогдсон Н.Учрал гишүүнд цаасаар албан ёсоор хүргэсэн. Уг шаардлагад
Нэгдүгээрт, Үндсэн хууль болон сонсголыг зохион байгуулахтай холбоотой хууль, журамдаа нийцүүлж сонсголыг зохион байгуулах,
Хоёрдугаарт, сонсголыг цаг хугацааны хувьд олны анхаарал баяр ёслол руу чиглэсэн байхад зохион байгуулах нь тохиромжгүй. Үндэсний хэмжээний хэлэлцүүлэг болгохын тулд олны анхаарал төвлөрсөн үед хийх хэрэгтэй,
Гуравдугаарт, нээлттэй сонсгол мэтгэлцээний зарчмаар явагддаг. Тиймээс хугацааны хувьд нэг өдөр яриад өнгөрөх асуудал биш. Дундаас нь бүтэн хуулийн төсөл гаргаж авах зорилготой хэлэлцүүлэг учраас нэлээн хэдэн өдөр үргэлжлэх ёстой шаардлагыг хүргэсэн. Гэтэл өнөөдөр биднийг ямар ч хүсэлт албан ёсоор өгөөгүй гэдэг зүйлийг Н.Учрал гишүүн хариуцлагагүйгээр ярьж байна.
Одоо болж буй нээлттэй зарлагдсан, хаалттай хэлэлцүүлгийн явцыг харж байхад ерөөсөө л шүүмжлэл ярьж байгаа хүмүүсийн микрофоныг дор дор нь хааж байна. Хүний эрхийн асуудлыг ярьж байж дарангуйллын хэлбэрээр явуулж байна. Дээрээс нь сонсголыг УИХ-ын чуулган, хэд хэдэн байнгын хорооны хуралтай давхцуулж хийж байгаа нь олны анхаарлаас гадуур, үр дүнгүй болгох арга тактик хэрэглээд байна” гэв.
Комедиан Д.Амартүвшин “Өнөөдрийн нээлттэй сонсголыг би өглөөнөөс хойш нүд цавчилгүй харлаа. Өмнө нь би битгий халтуурны юм хийгээсэй гэж хүсэж байна гэсэн. Гэтэл яг л халтуурдлаа. Иргэдийн төлөөлөл гээд сууж байгаа хүмүүс нь миний мэддэг хоёр ч МАН-ын хүн байна. Өнөөдрийн энэ хурал нээлттэй нэртэй, зүгээр л жүжиг боллоо. Дахиад л эрх баригчдад таарсан, иргэдийн амыг хааса хууль батлах нь ээ. Яагаад гэвэл процесс нь өөрөө дарангуйллын шинж чанартай байна. Ядаж 15,20 хүн сонсголдоо оролцуулж, саналыг нь сонсох ёстой болохоос Х.Нямбаатарын сонсгол биш шүү дээ” гэв.
ВИДЕО: