УИХ-ын чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Цар тахлын хуулийг зургаан сараар сунгаж байна. Хууль батлагдаад 2022 оны зургадугаар сар хүртэл хэрэгжих хугацаанд Засгийн газар, яамд ажлаа хиймээр байна. Төрийн албан хаагчдын томилгоог хуульд нийцүүлэх, монголоор дүүрэн байгаа үүрэг гүйцэтгэгчдээ болимоор байна. Ажил мэргэжлийн шаардлага хангахгүй нөхөд ажлын байран дээр буг болж, ажлаа хийж чадахгүй байна. Цар тахлын хуулиар хүний эрх зөрчиж, ажлаа хийж чадахгүй нөхдүүдийг ажиллууулж болохгүй. Хуульд нийцүүлэх ажлуудаа сайн хийгээрэй. Зургадугаар сарын 30 хүртэл энгийн горимд орж ажиллах нөхцөл бололцоогоо бүрдүүлээрэй.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Цар тахал эхэлсэн цагаас эхлэн бид молекул биологийн лабораторийг нийслэл болон орон нутагт өргөжүүлж, боловсон хүчнийг бэлдэхэд онцгой анхаарсан. Өнөөдрийн байдлаар 21 аймаг, нийслэлийн 16 байршилд молекул биологийн лабораторийг байгуулсан. Монгол Улс омикрон хувилбарыг оношлох бүрэн боломжтой. ХӨСҮТ-д био аюулгүй байдлын III зэргийн лаборатари байгуулагдсан. Энэ лабораторид бид вирусийн мутацилагдсан хувилбаруудыг тодорхойлох бүрэн боломжтой. Энэ долоо хоногийн сүүлээр эхний хариунууд гарч эхэлнэ. Ирэх долоо хоногоос ямар хувилбарын вирус манай улсад тархаж байгааг мэдээлнэ.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Иргэдийг дархлаажуулахад үнэхээр сайн ажиллаж байгааг хэлэх ёстой. Харин хүний эрх зөрчигдсөн, төсөв хөрөнгийг зарцуулалт ил биш байна гэдэг шүүмжлэлтэй санал нэг байна. Тиймээс ч гишүүд энэ хоёр зүйлд анхаарсан тохиолдолд уг хуулийг сунгахыг дэмжинэ гэдэг байр суурь илэрхийлж байгаа. УОК-ын дарга болон Засгийн газрын гишүүдэд хүний эрхийг зөрчихгүй байх, төсөв хөрөнгийг зарцуулалтаа ил болгоход анхаараарай гэж хэлмээр байна. КОВИД-ийн хуулийн нэр дор төрийн байгууллагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллахгүй байна. Үүнээс болж ажил цалгардаж, иргэдийг бухимдуулж байна. Дунд шатанд буюу яам, тамгын газар, дүүрэг 30-40 хувьтай ажиллаж байгаа нь иргэдийн маш их бухимдуулж байгаа. Үүнийг яаж өөрчлөх вэ С.Амарсайхан дарга аа.
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан: Шат шатанд уялдаа холбоо муутай, хариуцлагагүй зүйл байгаа юу гэвэл байгаа. Цар тахлын оргил үед төрийн байгууллага бүү хэл хувийн хэвшлийнхэн ч 50 хувиар ажиллаж байсан. Одоо бол тийм асуудал байхгүй. М.Оюунчимэг гишүүн ээ, аливаа асуудал судалгаа, ул суурьтай ярих хэрэгтэй шүү. Цар тахлын үед өөртөө оноо авах гэж буруу мэдээллээр олон нийтийг төөрөгдүүлж болохгүй. Хүн доромжилдгоо боль. Өөрт тань доромжлуулах гэж УИХ-ын гишүүд энд суугаагүй шүү. Ёс зүйн хорооны гишүүн гэж өөрийгөө дөвийлгөөд байдаг. Өөрөө ёс суртахуун, хэм хэмжээтэй байна шүү. Энд жүжиглээд байх хэрэггүй.
Ийн гишүүд асуултаа асууж, хариултаа авлаа. Улмаар хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувийн саналаар Ковидийн хуулийн хугацааг зургаан сараар сунгалаа.