Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих саналыг хэлэлцэхийг хойшлууллаа

2019-05-21 10:08

Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих саналыг хэлэлцэхийг хойшлууллаа

Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч тус хуралдааны шүүгчээс татгалзсан тул уг асуудлыг тухайн дүүргийн Ерөнхий шүүгч хэлэлцэх хүртэл түр хойшлууллаа. Учир нь шүүгчээр ажиллаж буй Х.Идэрийг уг асуудалтай ашиг сонирхлын зөрчилтэй гэж шүүгдэгчийн талаас үзэж байгаа аж. 

2019-05-21 10:02

Д.Эрдэнэбилэгийг хорих эсэхийг шүүхээр хэлэлцэж байна

Яг одоо Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг хорих эсэхийг шийдэх шүүх хурал болж байна.

Уг хурлаар түүнийг 30 хоног буюу нэг сар хорих Прокурорын ирүүлсэн саналыг хэлэлцэж буй юм.

Шүүх хурал дээр ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг өөрийн биеэр оролцоогүй, шүүгчээр Х.Идэр нар ажиллаж, Д.Эрдэнэбилэгийг өмгөөлөгч нь төлөөлж байгаа гэлээ.

 

2019-05-21 09:16

ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг 30 хоног хорих санал хүргүүлжээ

Өнгөрсөн гуравдугаар сарын 05-ны өдөр ХХБ-ний  ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, "Монголиан коппер корпорэйшн" компанийн захирал Ц.Пүрэвтүвшин нарыг баривчлан, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байдаг.

ЦЕГ-аас уг баривчилгааны талаар "Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хэрэг дээр ЦЕГ, АТГ-аас хамтарсан ажлын хэсэг гарч, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа” гэх тайлбарыг өгч байв. Гэсэн ч тэднийг маргааш нь буюу гуравдугаар сарын 06-ны өдөр шүүхээс цагдан хорих шаардлагагүй гэж үзэн сулласан.

Албаны эх сурвалжийн хэлж буйгаар дээрх дөрвөн хүнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан гэж үзсэн байдаг.

Харин өнөөдөр Прокурорын байгууллагаас Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг 30 хоног хорьж, шалгах саналыг шүүхт хүргүүлсэн тухай эх сурвалж мэдээллээ. Яг одоо түүнийг хорих эсэх талаар хурал болж байна.