ТАНИЛЦ: МАН-ын “Алтан ургийн”-хан Монголбанканд эхнэр, хүүхэд, хүргэн, бэрүүдээ албан тушаалд томилуулжээ

ТАНИЛЦ: МАН-ын “Алтан ургийн”-хан Монголбанканд эхнэр, хүүхэд, хүргэн, бэрүүдээ албан тушаалд томилуулжээ

Манай улсад төрийн алба төрлийн алба болоод удаж буй. Хэн танил талтай нь удирдах албан тушаалд томилогдож, улстөрчдийн гэр бүл, төрөл садангууд нь төрийн албыг үе залгамжлан хашдаг болоод байгаа нь ч нууц биш. Үүнтэй холбоотойгоор МАН-ын “Алтан ургийнхны томилгоо”-ны төлөөллийг бид өмнө нь танилцуулж байсан билээ.

Тэгвэл энэ удаад МАН-ын “Алтан ургийн”-хан Монголбанканд эзэн суусан талаарх мэдээллийг хүргэж байна. Ийн өгүүлэхийн учир нь МАН-ын нөлөө бүхий улстөрчдийн гэр бүлийн хэд хэдэн хүн Монголбанканд удирдах албан тушаал хашиж, чимээгүйхэн “улсын мөнгийг авч” суудаг болжээ.

-МОНГОЛБАНКНЫ ЭДИЙН ЗАСГИЙН СУДАЛГАА, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН ШИНЭЭР БАЙГУУЛЖ, С.ДЭМБЭРЭЛ, Н.БАЯРТСАЙХАНЫ ДҮҮ Ц.БАТМӨНХ НАРЫГ УДИРДЛАГААР НЬ ТОМИЛОВ-

Тодруулбал, МХАҮТ-н дарга асан С.Дэмбэрэл нь хэдийнээ гавьяаныхаа амралтад суух болсон ч өдгөө Монголбанкны Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирлаар ажилладаг байна. Түүний хариуцсан хүрээлэнгийн ажил үүрэг нь Монголбанкны бусад газар, нэгжүүдийнхтэй давхацдаг аж.

Тиймээс ч С.Дэмбэрэл захирлыг төдийлөн ажил хийдэггүй, сул цалин аваад сууж байдаг гэх бор шувуу ч Монголбанкаар нисэж болжээ. 

Тус хүрээлэнгийн дэд даргаар Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханы дүү Ц.Батмөнх ажилладаг байна. Тэрбээр Монголбанкны Англи улс дахь төлөөлөгчийн газарт ажиллаж байсан нэгэн аж. Улмаар 2018 онд Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнг байгуулагдахад ирж, тус албанд томилогджээ. Түүнийг уг албанд очиход ах Н.Баяртсайхан нь нөлөөлсөн гэдгийг учир мэдэх хүмүүс андахгүй.

-САНГИЙН САЙД АСАН Ч.ХҮРЭЛБААТАРЫН ЭХНЭР, СҮ.БАТБОЛДЫН БЭР, Д.ОДБАЯРЫН ЭХНЭР МОНГОЛБАНКАНД УДИРДАХ АЛБАН ТУШААЛ ХАШДАГ-

Монголбанкны “Алтан ургийн” томилгоо цааш Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарын эхнэр Р.Саранцэцэгээр үргэлжилнэ. Р.Саранцэцэг нь 2016 оноос өнөөг хүртэл Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газрын захирлаар ажиллаж буй. Товчхондоо тэрбээр нэг л насаараа Монголбанканд ажиллаж байгаа нэгэн. Тэгвэл энэхүү жагсаалт дараагийн эзэн нь Сү.Батболдын бэр эгч Б.Амарсайхан. Тэрбээр Монголбанкны Дотоод аудитын газрын даргаар ажилладаг байна. Түүнийг мөн л ажлаа хийдэггүй. Коронавирусийн халдвар бүртгэгдсэнээс хойш ажилдаа тоотой ирсэн гэх шум гарах болжээ. Түүнчлэн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаярын эхнэр Д.Бурмаа мөн л Монголбанканд ажилладаг байна. Тодруулбал, тэрбээр Монголбанкны Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн захирлын албыг хашдаг.

-МАН-ЫН “АЛТАН УРГИЙН” ТОМИЛГООНЫ ЖАГСААЛТЫН ДАРААГИЙН ЭЗЭД-

Монголбанканд явагдсан МАН-ын “Алтан ургийн” томилгооны жагсаалтыг цааш хөврүүлбэл, УИХ-ын гишүүн М.Энхболдын хүү Э.Анар Монголбанкны төлбөр тооцооны газрын захирал, Хэнтий аймгийн Засаг дарга асан Н.Ганбямбын хүү Г.Дөлгөөн Монголбанкны дэд захирал, УИХ дахь МАН-ын дарга Д.Тогтохсүрэнгийн хүргэн Б.Мөрөн Монголбанканд хэлтсийн дарга, УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэлийн бэр Б.Булган Монголбанкны газрын даргаар ажилладаг гээд энэхүү томилгоо үргэлжилнэ.

-УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР Ч МОНГОЛБАНКНЫ ТОМИЛГООНД НЭР ХОЛБОГДОВ-

Тэгвэл энэхүү томилгоонд УИХ-ын дарга Г.Занданшатарыг ч нэр холбогдсон гэдэг. Учир нь түүний хүн гэгддэг Цагдаагийн ерөнхий газрын Дотоодын цэргийн штабын дарга асан генерал С.Ганбатын хүү Г.Пүрэвсүрэн Монголбанкны Тамгын газрын даргаар ажилладаг байна. Тодруулбал, Монголбанк нь УИХ-ын даргын харьяа байгууллага. Ямартай ч Монгол Улсын хэмжээнд төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагаа болох Монголбанканд МАН-ын улс төрийн “Алтан ургийн томилгоо” явагдаж. Энэ бүхэн нь Төв банк төрийн бус төрлийн алба болсныг илтгэж байгаа юм. Гэтэл Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн энэ бүхнийг мэдээгүй сууна гэж баймгүй. Тийм эрх үүргийнхээ хүрээнд эрхэм ерөнхийлөгч энэ бүх олны гайшруулам, СОДОН томилгоонд анхаарал хандуулж, дээрх албыг хаших чадвартай ардын олон аавын хүүд боломж олгохыг олон нийт шаардаж байна.