"Э.Одбаярыг Хорих 461 дүгээр ангиас оргуулсан гэх тогтоолыг хүчингүй болгосон"

"Э.Одбаярыг Хорих 461 дүгээр ангиас оргуулсан гэх тогтоолыг хүчингүй болгосон"

"No Double Standard" хөдөлгөөний зохицуулагч  Э.Одбаяр нарыг оргуулсан гэх тогтоолыг хүчингүй болгосон талаар Ардчилсан намын бүлгийн зөвлөх Ц.Оюундарь өнөөдөр мэдээллээ.

Тэрбээр "Эрх баригчид өнгөрсөн зургадугаар сарын 25-наас эхлэн цар тахлын дэглэмийн үеэр далимдуулан давхар стандарт бий болгож байгаатай холбоотойгоор залуусын сайн дурын хөдөлгөөн өрнөсөн.

Ардчилсан намаас залуусын сайн дурын үйл ажиллагааг улс төржүүлэх вий гэдэг үүднээс хэдий дэмжиж байсан ч үйл ажиллагаанд нь оролцож байгаагүй. Энэ хугацаанд цагдаагийн байгууллагаас Үндсэн хуульд заасан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, тайван замаар жагсах, эвлэлдэн нэгдэх эрхийг ноцтойгоор зөрчсөн.

Улмаар тэднийг удаа дараа хяхан хавчиж, баривчлан, хүний эрхийн баримтуудад заасан байдаг уран сайхны аргаар үзэл бодлоо илэрхийлж, хийсэн эд материалыг хурааж авах, бүдүүлгээр халдах үйлдлүүдийг удаа дараа хийж ирсэн. Энэ бүхнийг Ардчилсан нам тэвчээртэйгээр ажиглаж байсан. Аравдугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө цагдаагийн байгууллагаас гүйцэтгэх ажиллагаа явуулж, Э.Одбаяр, Д.Монголхүү нарыг баривчилсан.

Ард түмэн мэднэ. Тэртээ 1937 оны есдүгээр сарын 10-ны шөнө хэлмэгдүүлэлтийн анхны баривчилгааг хийж байсан. Одоо үйлчилж буй хуулиар оргон зайлахыг завдсан онц ноцтой гэмт хэрэгтэн, хүний аминд хүрсэн, хорлон сүйтгэх ажиллагаа явуулахаас бусад бүх үйл ажиллагааг ажлын цагаар хийх ёстой. Мөн шүүх, прокурорын зөвшөөрөлтэй зарлан дуудах хуудастай баривчилгаа хийдэг. Гэтэл ямар ч үндэслэлгүйгээр шөнө ажиллагаа явуулж, Э.Одбаяр, Д.Монголхүү нарыг баривчлах нь хэрээс хэтэрч байна. 

Ардчилсан нам Хууль зүй, дотоод хэргийн яамны гадна суулт хийж, салбарын сайдад нь шаардлага хүргүүлсэн. Мөн баривчлагдсан иргэдийн өмгөөллийн үйлчилгээ авах бүх эрхийг хааж, эс үйлдэхүйгээр хааж боосон учраас УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат цагдан хорих 461 дүгээр анги руу очиж, уулзсан. Хорих 461 дүгээр ангиас оргуулсан гэх үндэслэлтэй тогтоолыг хүчингүй болгосон. Одоо анх баривчилсан зүйл анги нь өөрчлөгдөж, цагдаагийн шаардлагыг эсэргүүцсэн 23.1 гэдэг заалт руу шилжүүлсэн. Энэ заалтаар цагдан хоригдох ямар ч үндэслэл байхгүй. Гадуур байцаалт авч болдог. Таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчлөх Улсын ерөнхий прокурорт тавьсан хүсэлт дүүргийн прокурорт шилжсэн. Дүүргийн прокуророос арга хэмжээ авч байгаа гэж мэдээлсэн.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Хүний эрхийн дэд хорооны гишүүдтэй уулзаж, өчигдөр дэд хорооны хуралдааныг хуралдуулахаар товлосон. Эрх баригчид цагдаа, иргэн хоёрыг турхираад, ард нь нуугдчихдаг. Тэрнээс гадна эрх баригчид хүний эрхэд асар бүдүүлгээр халдаж, зөрчиж байна. Хүний эрхийн үндэсний комиссын төсвийг УИХ дээр хэлэлцээд, оруулсан дүнгээр нь баталсан байхад Засгийн газраас хянахдаа 50 хувь хассан. Санхүүгээр нь боож хаасан үйлдэл. Хүний эрхийн үндэсний комиссоос өдөр болгон 461 дүгээр ангид очиж, хоригдож буй залууст анализ хийж байна" гэдгийг онцолсон. 

Хууль, эрхзүй хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү "Нэгдүгээрт 20 гаруй хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, Э.Одбаяр, Д.Монголхүү нарыг баривчлан саатуулсан.

Э.Одбаяр өлсгөлөн зарлаж, байдал хүнд байна. Тодорхой хүмүүсийг яаж баривчлан саатуулдаг вэ гэдгийг харсан байх. Жишээлбэл, таван хүний амь насанд хүрсэн, хоёр нялх хүүхдийн аав, ээжтэй нь амь насыг нь хохироож, сэжиглэгдэн яллагдаж, гурван шатны шүүхээр ял авч, буцаад шалгагдаж байгаа хүмүүс Марууш гэдэг хүн намайг гэрчилсэн гээд гудамжинд явж байвал тэр хүнийг баривчлан хорих ёстой. Тэрнээс биш одоо энэ хүнийг хорих ангиас гаргавал дахин жагсч магадгүй гэдэг хардлагаар хүнийг барьж хорьж болохгүй. Хүний эрхийн асуудалд онцгойлон анхаараач" гэлээ.