ТАНИЛЦ: Цахим үндэстэн шоу халдварын тоог нэмэгдүүлж, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хохироосныг илчлэх баримтууд

ТАНИЛЦ: Цахим үндэстэн шоу халдварын тоог нэмэгдүүлж, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хохироосныг илчлэх баримтууд

Коронавирусийн халдвар хэдийнэ газар авч, монголчуудын нэлээд хэсэг нь эл вирусээр өвчлөөд буй. Харин халдварт өвчнийг цар тахал болгож, халдварын тоог нэмэхэд олон хүчин зүйл нөлөөлсөн нь дамжиггүй.

Үүний нэг нь өнгөрсөн есдүгээр сарын 17-ны өдөр болсон "Цахим үндэстэн" шоу. Уг арга хэмжээг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ нар манлайлан зохион байгуулсан байдаг. Шоуны үеэр олон зуун хүн цуглаж, халдвар хамгааллын дэглэм зөрчсөн нь олны дургүйцлийг төрүүлсэн билээ.

Гэсэн ч эл асуудал шатахуун, түлшний хомстолд дарагдаж, тэгэсхийгээд намжсан боловч үүний горыг өнөөдөр ч ард түмэн амссаар, хохирсоор байгаа юм. Тодруулбал,

Нэгдүгээрт, Коронавирусийн халдварын нууц үе 7-10 хоног. Тэгэхээр шоу болсон өдрөөс хойш хөөж үзвэл нууц үеийн хугацаа нь есдүгээр сарын 25 орчим болж байна. Энэ үеийн Эрүүл мэндийн яамны мэдээллийг сөхөж харвал Есдүгээр сарын 25-ны өдөр 2662 хүнээс халдвар илэрч, 18 хүн нас барсан байх аж. Харин шоу болохоос өмнө буюу есдүгээр сарын 10-ны өдөр 2009 хүнээс халдвар илэрч, 15 хүн нас баржээ. Үүнээс дүгнэхэд Цахим үндэстэн шоу халдварын тоог нэмсэн нь илхэн харагдах.

Хоёрдугаарт,  Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү өчигдөр Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэрээ “Манай улсад тав, зургаадугаар сард Альфа хувилбар тархаж байсан бол наймдугаар сарын сүүл, ес болон аравдугаар сарын давлагаанд дельта хувилбар 90-ээс дээш хувьтай давамгайлж байна. Энэ нь вакцины үйлчлэлийг бууруулсан” гэдгийг мэдээлсэн. Тэгэхээр дельта хувилбар ид дэгдэж байх үед Цахим үндэстэн шоуг зохион байгуулсан болж таарав. 

Гуравдугаарт, Иргэн Э.Одбаяр Цагдаагийн Ерөнхий газарт “2021 оны есдүгээр сарын 17-ны өдөр цахим үндэстэн олон нийтийн арга хэмжээг зохион байгуулснаар ковид-19 халдварын тархалтыг огцом нэмэгдүүлсэн, иргэдийн эрүүл мэнд, насанд хохирол учруулсан” асуудлыг шалгаж өгөх хүсэлт гаргажээ. Тэгвэл Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас уг асуудлыг "Зөрчлийн шинжтэй" гэж үзсэн байна.

Тодруулбал, түүнд илгээсэн хариу албан бичигт “Танаас гаргасан хүсэлтийг 2021 оны аравдугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, танилцлаа. Хүсэлтэд дурдагдсан “2021 оны есдүгээр сарын 17-ны өдөр цахим үндэстэн олон нийтийн арга хэмжээг зохион байгуулснаар ковид-19-ын халдварын тархалтыг огцом нэмэгдүүлсэн, иргэдийн эрүүл мэнд, насанд хохирол учруулсан” гэх асуудал нь зөрчлийн шинжтэй байх тул Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг 2021 оны аравдугаар сарын 18-ны өдрөөс эхлүүлэн явуулж байна" хэмээжээ. Энэ нь мөн л Цахим үндэстэн шоу коронавирусийн халдварын тархалтыг огцом нэмэгдүүлсэн, иргэдийн эрүүл мэнд, насанд хохирол учруулсан болохыг илчлэв. 

Тэгвэл эл шоуг зохион байгуулж, ард иргэдийнхээ эрүүл мэнд, амь насанд заналхийлсэн эрхмүүдэд хариуцлага тооцох уу, үүний буруутан хэн байх вэ гэх асуулт хариултгүй үлдэж байна. Харин хохирогч нь иргэд.