ХУУЛЬ: Онцгой байдлын алба хаагчдад 30 сарын үндсэн цалинтай тэнцэхүйц мөнгөн урамшуулал таван жил тутамд олгоно

ХУУЛЬ: Онцгой байдлын алба хаагчдад 30 сарын үндсэн цалинтай тэнцэхүйц мөнгөн урамшуулал таван жил тутамд олгоно

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гамшгаас хамгаалах тухай, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын дөрвөн гишүүнээс 2021 оны тавдугаар сарын 14-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг аравдугаар сарын 15-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн билээ.

Тус байнгын хороо нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган, төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дарааллын шинжтэй засварыг хийж, эцсийн хувилбарт бэлтгэсэн хуулийн төсөл болон төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Байнгын хорооны дарга Б.Баттөмөр хуралдааны эхэнд танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэх, зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн байгаагүй тул хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүүн Б.Энх-Амгалан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Аймгийн төвөөс алслагдсан нутагт дэвсгэрт байрлах онцгой байдлын газар, хэлтэс, салбар нэгжийн алба хаагчдад тасралтгүй ажилласан жилийн урамшил олгох хууль, эрх зүйн орчин бүрдээгүйгээс орон нутагт ажиллаж буй онцгой байдлын байгууллагын алба хаагчийн эрх зүйн байдал орхигдож, нийгмийн баталгаа дордох нөхцөл байдал үүсээд байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан уг хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох ба энэ хуулийг 2023 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.