Д.Ганбат: “Цагаан суваргын орд”-ыг хамгаалж, М.Энхсайханыг өмгөөлсний төлөө Х.Баттулга намайг бүлгийн дарга хийлгэхгүй гэсэн  

Д.Ганбат: “Цагаан суваргын орд”-ыг хамгаалж, М.Энхсайханыг өмгөөлсний төлөө Х.Баттулга намайг бүлгийн дарга хийлгэхгүй гэсэн  

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат сүүлийн үед өдөр бүр мэдээлэл хийж, иргэд ч түүнд нь төөрөн тодорхой, тоймтой мэдээлэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, Д.Ганбат, О.Цогтгэрэлийн хэн нь үнэн ярьж буй эсэх, Ардчилсан нам дотор ямар үйл явдал болоод буйг хачир дээрээ энэ үйл ажиллагаанд нь хэн далдаас оролцоод байгаа вэ гэдгийг олон нийт тэр бүр мэдэхгүй. Тиймээс бид түүнтэй ярилцаж Ардчилсан нам доторх үйл явдлын талаар цэгцтэй мэдээлэл хүргэхийг зорилоо. Нөгөөтэйгүүр Д.Ганбат гишүүнийг хүмүүс өнгөц дүгнэх, шоолох, шүүмжлэх нь их. Гэвч ойрын хүрээний улс төрчид нь түүнийг хүний эрхийн талд зогсож, хувийн өмчийг хамгаалж дуугардаг цаашлаад Х.Баттулгын үгэнд ордоггүй яг өөрийнхөөрөө мужиклаж чаддаг гэдэг. Энэ нь хэд, хэдэн фактаас гарсан яриа. Үнэхээр ийм үйл, явдал болсон эсэхийг ч түүнээс тодрууллаа.

СОНСОХ:

-МАНАЙ БҮЛГИЙН ХОЁР, ГУРВАН ГИШҮҮНЭЭС БУСАД НЬ ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН-

-Хоёулаа илэн далангүй бөгөөд үүсээд буй асуудлаар цэгцтэй ярилцъя. Яг үнэнийг хэлэхэд сүүлийн үед та өдөр бүр хэвлэлийн бага хурал хийж мэдээллийг цэгцгүй хүргээд байна. Тиймээс иргэд, олон нийт танай намын бүлэгт юу болоод буй талаар тодорхой мэдээлэлгүй эргэлзсэн байр, суурьтай байгаа юм. Тантай ярилцаж буй шалтгаан энэ. Та Засгийн газрыг огцруулах санаачилгыг гаргаж УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн. Тэр бичигт танай бүлгийн 13 гишүүний хэд нь гарын үсэг зурсан юм. Хэн, хэн зурсан бэ. Үүнээс яриагаа эхлэмээр байна.  

-УИХ-ын хэн нэгэн гишүүний бланкан дээр гарын үсэг зуруулаагүй байна. Эхлээд Ардчилсан намын бүлэг дотроо шийдвэрээ нэгтгэж байна. Манай бүлгээс хоёр, гурван гишүүнээс бусад нь гарын үсгээ зурсан. Ганц, хоёр нь гарын үсэг зурсан үйлдлээсээ буцсан. Засгийн газрыг хариуцлагагүй ажиллаж байна. Хэрвээ сайд нартайгаа хариуцлага тооцож чадахгүй бол энэ Засгийн газрыг огцруулъя гэдэгт санал гаргаад гарын үсэг цуглуулж эхэлсэн юм. Өнөөгийн мөрдөж буй хуулиар Засгийн газрыг огцруулах саналын бичигт 19 гишүүн гарын үсэг зурснаар УИХ-д өргөн барих эрх нь нээгдэнэ. Үүнийг ердийн олонх буюу 39-өөс дээш гишүүн дэмжсэн тохиолдолд Засгийн газар огцордог. Хэн зурсныг хэлэх боломжгүй.

-Таны санаачилсан Засгийн газрыг огцруулах бичгээр Ерөнхийлөгч асан Х.Баттулга эрх баригчидтай наймаалцсан учраас өнөөдөр танай бүлэг ийм замбараагүй байдалтай байгаа юм биш үү. Тодруулбал, тэр хүн “Засгийн газрыг огцруулах асуудлыг татуулж, болиулъя. Ардчилсан намын бүлгийг чимээгүй байлгая” гэсэн тохироогоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон тооны бус зөвлөхөөр томилогдсон . Чимээгүй байлгахын тулд таныг чөлөөлж, өөрийнхөө хүнийг томилно. Өөрийнхөө хүнээр дамжуулж бүлгийг удирдана гэж зорьж байна гэсэн хардлага байна?

-Албан тушаалд томилогдсон гэж харахгүй байна. Гадагшаа харагдах байдал нь юм. Үүгээр юу тохирч, ярьсныг мэдэхгүй байна. Тийм байх магадлалтай. Улс төрийг ойлгодог, мэддэг хүмүүст тодорхой  л байна шүү дээ.

-Тэр хүн таныг чөлөөлж дараа нь өөрийнхөө улс төрийн багийн хүн болох Ц.Тувааныг бүлгийн даргаар томилох гээд байна. Ц.Туваанаар дамжуулж Ардчилсан намын бүлгийг удирдах нь, үгээрээ байлгах гэсэн л зорилго гэж харагдаж байна . Яасан юм бэ та Х.Баттулгынхаа үгэнд орохоо байсан юм уу?

-Би хэний ч үгэнд ордоггүй. Би ардчиллын үнэт зүйл болох хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хүндэлж Үндсэн хуулиар олгогдсон хувийн өмчтэй байх эрхийг нь хамгаалдаг юм. Тоглоомын нам, бүлэглэлийн нэг хэсэг болгох ажилд нь саад болж буй учраас ингэж байгаа юм.

-ХЭНИЙГ Ч БҮЛГИЙН ДАРГААР ТОМИЛСОН Х.БАТТУЛГЫН ҮГЭЭР АЖИЛЛАНА. ГЭХДЭЭ БИ ХУУЛЬ ЁСНЫ БҮЛЭГ ДАРГА ХЭВЭЭРЭЭ БАЙНА-

-Та бүлгийн даргын ажлаа хэл, үггүй өгөх юм уу. Таныг чөлөөлж Ц.Тувааныг томилох гээд байна уу. Тодорхой хариулт өгнө үү?

-Би тэр гэж хэлмээргүй байна. Хэн нь ч ялгаагүй адилхан. Х.Баттулгын үгээр л ажиллана. Ялангуяа шинэ гишүүнийг сонгож, томилж ажиллах гээд байна.  Би хуулиа дээдэлнэ. Ардчилсан намаас, ардчиллын үзэл бодлыг тээж УИХ-д сонгогдсон. Тэгэхээр Ардчилсан намын удирдлагын шийдвэрийг биелүүлж, чиглэл авч ажиллана. Учир нь энэ бол УИХ дахь Ардчилсан намын бүлэг. Түүнээс хэн нэгэн компанийн, этгээдийн бүлэг биш. Түүний дохио заавраар ажилладаг байж болохгүй. Би хэн нэгэн хүнийг бүлгээс хассан зүйлгүй. Ардчилсан намын удирдлагаас надад албан бичиг ирүүлсэн. Дүрмийнхээ хүрээнд Үндсэн дүрмийн хороо нь хуралдаж Ардчилсан намын удирдлага тогтоол шийдвэрээ гаргаад гурван гишүүнийг намынхаа эсрэг ажилласан учраас дөрвөн жилийн хугацаатайгаар намын гишүүнээс нь хасч сахилгын шийтгэл оногдуулсан байсан. Тэгэхээр УИХ дахь Ардчилсан намын бүлэгт тус намын гишүүн биш хүн ажиллаж болохгүй. Энэ бол намуудын хууль, намын дүрмээрээ тодорхой заасан зүйл шүү дээ. Тэгэхээр Ардчилсан намын бүлэг одоо найман гишүүнтэй ажиллаж байна. Тус бүлгийн гишүүдийн дөрвөөс дээш гишүүн нь хуралдаж энэ зохион байгуулалтын асуудлыг ярих ёстой юм. Тэр хүмүүс нь хуралдаагүй. Тэгэхээр би хууль дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулна. Би Ардчилсан намын бүлгийн дарга хэвээрээ. Тэгэж ч ажилла гэж хууль ёсны Ардчилсан намаас чиглэл, шийдвэр ирсэн.

-Намын гишүүнчлэлээсээ хасч, бүлгээсээ явуулсан хоёр гишүүндээ яагаад одоо хариуцлага оногдуулж байгаа юм. Өмнө нь оногдуулахгүй яав?

-Тамга, тэмдгийн маргаан байсан юм. Шат, шатны шүүхээр хэлэлцэгдэж байсан. Тамга, тэмдгийн маргаан нь өнгөрсөн долоо хоногт нэг мөр болсон. Өмнөх гаргасан шийдвэрээ баталгаажуулж тамга тэмдгээ дарсан байсан. Дараагийнх дээр нь тамга тэмдгээ дараад гар, хөлийн үсгээ зураад явуулсан байсан. Түүний дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн.

-О.Цогтгэрэл гишүүний өчигдөр олон нийтэд танилцуулсан Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны тогтоол ямар учиртай вэ. Тэр тогтоолд Улсын дээд шүүхийн цахим сан дахь С.Эрдэнийн бүртгэлийг сэргээх тухай хүсэлтийг хангахаас татгалзсугай гэсэн байсан?

-Би мэдэхгүй.

-АРДЧИЛСАН НАМЫН ЧАДВАРТАЙ ЗАЛУУСТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛААЧ ГЭХ САНАЛ ТАВЬСНЫГ ЗАСГИЙН ГАЗАРТАЙ НАЙМААЛЦСАН ГЭЖ ГҮТГЭСЭН. БИ ХӨШИГНИЙ АРД БИШ ИЛ ЯРЬСАН-

-Ер нь танай бүлгийн гишүүдийн нь хэд нь өөрийн “толгойтой”, хэд нь хүний үгээр ажиллаад байгаа юм. Бүлгийн гишүүн бүгд “МАН-ын захиалгаар бужигнуулаад байна” гэдгийг нээлттэй хэлж байна. Таныг Засгийн газар огцруулах бичгээр эрх баригчидтай наймаалцсан гэж намынхан тань мэдэгдсэн. Үүнээс үзвэл та МАНАН юм уу эсвэл МАН-тай хамаатай Х.Баттулгын үгээр ажиллаж буй гишүүд тань МАНАН болчихсон юм уу?

-Бусад хүмүүсийн өмнөөс яриад яах вэ. Миний хувьд ковидын асуудлаар удаа дараа санал, шүүмжлэл хэлсэн. Бусад улс орнууд эвийн хүчээр цар тахлыг хамтарч давж байна. Өнөөдөр хийж буй ажил нь социалист хэлбэрийнх байна гэж МАН-ынханд хандаж хэлсэн. У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнийн аль нь ч амжилт олсонгүй. Манай Ардчилсан намд чадвартай залуус байна. Бид нарын ажилд хандах хандлага, үзэл бодол өөр байна. Тэгэхээр манай намаас чадвартай залуусыг авч ажиллуулаад ковидын хүндрэлийг даван туулах бүтэц бий болгоод ажиллах нь зүйтэй юм гэдэг саналыг тавьсан. Ингэж хэлснийг минь Засгийн газартай наймаалцсан гэж мушгин гуйвуулж байна. Улсын эрх ашгийг нэгдүгээр тавьж ийм саналыг би байнга тавих ёстой. Би гадна, дотнын хүнтэй яриагүй. Улс төрийн хүчний нэг багана МАН-тай, түүнийг төлөөлж буй албан тушаалтнуудтай ярьсан. Ажиллах эсэх нь үнэмлэхүй олонх буюу УИХ-д 64 гишүүнтэй МАН-ын бүлэг өөрсдөө  шийдэх асуудал шүү дээ.

-Энэ саналаа хэзээ, хэнд тавьсан юм. Хөшигний ард биш ил хэлсэн юм уу. Түүнийг сайд болгоё гэж  тодорхой ярьсан уу?

-Дараа нь харамсахгүйн тулд үүрэгт ажлаа хийсэн. Монголын ард түмэн нийтээрээ хохирсон. Би хэлэх эрхтэй. Нууж хаах зүйлгүй. УИХ-ын чуулганы хуралдааны үеэр хэлсэн. Тодорхой хүний нэр зааж яриагүй. Энэ талаар хөшигний ард яриагүй. Бүлгийн хурал, байнгын хороо, чуулганы хурлын үеэр ярьж байсан шүү дээ. Би нууц, далд хуйвалддаг хүн биш ээ.  Өмнө нь эв нэгдлийн Засгийн газрыг байгуулж байсан. С.Баярын Засгийн газрын үед эднийх олонх байсан ч эмх, цэгцгүй байдлыг даван туулахын тулд манайхтай хамтарч Оюутолгойн гэрээг байгуулж байсан. Энэ мэтчилэн өмнөх туршлагууд байна. Монгол төрийн найдвартай хоёр багана нь МАН, Ардчилсан нам. Энэ хоёр нам бэхжиж байх ёстой. Ардчиллын зарчмаар үүнээс өөр арга зам үгүй. Бүх улс орнууд энэ зарчмаар ахиж, дэвшиж амжилтад хүрдэг. Хүнд хэцүү үед хамтраад ажилладаг. Бусад үед нь цөөнх, олонх болоод алдаа дутагдлыг нь шүүмжилдэг шүү дээ. Өнөөдөр нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Цаашид илүү хүндрэхээр байна гэж би хэлсэн нь үнэн.

-Засгийн газрыг огцруулах асуудлыг яаж үргэлжлүүлэх вэ?

-Хариуцлагаа хүлээ гэдгийг байнга шаардана. Ард түмний үзэл бодол ямар байгаа юм. Саяын нөхөн сонгуулиар ирц бүрдсэнгүй. Нэмэлт санал асуулгаар ч ирц 50 хувьд хүрээгүй. Тэгэхээр эрх баригчдад, улс төрчдөд итгэх иргэдийн итгэл суларч, дургүйцлээ тайван замаар илэрхийлж буйн хэлбэр шүү дээ. Эд нар бүх улс оронд нүдний булай болоод сонгуулийн 50 хувийн ирцгүй сууж байна шүү. Энэ бол сонгууль биш шүү дээ. Яах гэж сонгууль зохион байгуулдаг юм. Энтэртайнмэнт Засгийн газартай боллоо. Үүнийг нь хэлэхээр хүлээж авахгүй юм. Сая шатахуун, түлшний хомстлын асуудал үүсч түүнийгээ шийдэж чадахгүй байна.

-“МАК”-ЫН “ЦАГААН СУВАРГЫН ОРД”-ЫГ АВЧ ТЭТГЭВЭР НЭМНЭ ГЭХЭД НЬ ХУВИЙН ӨМЧИЙГ ТӨР ДЭЭРЭМДЭГГҮЙ ЮМ ГЭЖ ХЭЛСЭН. М.ЭНХСАЙХАНД УУЧЛАЛ ҮЗҮҮЛЭХ БИЧГИЙГ БИ ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРГҮҮЛСНЭЭС БОЛЖ НАМАЙГ ОЛОН ХҮН ДАРАМТАЛСАН-

-Х.Баттулга та хоёр нэг нутаг. Нэг тойрогт нэг намаас хамт нэр дэвшиж байсан. Улс төрийн хүрээнд та хоёрыг нэг баг гэж хардаг.  Гэтэл яагаад муудалцчихав?

-Бид хоёр нутаг усных. Нэг тойрогт нэг намаас нэр дэвшиж байсан. Сонгогдож байсан ч үе бий. Сонгогдоогүй үлдсэн ч үе бий. Х.Баттулга экс Ерөнхийлөгчтэй санал нийлэх, нийлэхгүй зүйл бий. Би хүний үгээр, заавраар ажилладаггүй. 2012-2016 онд би УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. Тухайн үед Х.Баттулга ч гишүүн байлаа. Баянгол зочид буудалд Х.Баттулгыг баривчлахаар оролдож байсныг та бүхэн санаж байгаа байх. Тэгэхэд би очиж хамгаалж байсан. Хууль зүйн байнгын хорооны дарга, нэг тойргоос сонгогдсон гишүүний хувьд хамгаалж байлаа. Гүйцэтгэх ажиллагааны хууль зөрчиж баривчлах, УИХ-ын гишүүнийг ажил үүргээ гүйцэтгэж байхад нь хорьж болохгүй гэсэн байр, суурийг илэрхийлж байв. Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоход нь дэмжсэн. Ардчилсан намын гишүүний хувьд дэмжих нь миний үүрэг. Ингээд 2020 онд намайг УИХ-ын гишүүнээр сонгогдоход Х.Баттулга Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Гэтэл удаа дараа намайг бүлгийн даргаар ажиллуулахгүй гэсэн шаардлагыг тавьж байсан. Гэхдээ би гарч гүйгээд хэн нэгэнд өөрийгөө нотлох гэдэггүй. Х.Баттулгын баримталдаг зарчим, асуудалд хандах хандлага, үзэл баримтлалтай нь санал нийлэхгүй зүйл надад бий.

-“Цагаан суваргын орд”-ыг төрд авах асуудлыг ярьж, Х.Баттулгын зүгээс Ардчилсан намын бүлэгт шахалт үзүүлж идэвхтэй ажиллахыг үүрэгдсэн гэдэг. Тэр үед Ардчилсан намын бүлгийн гишүүдээс та ганцаараа “Энэ бол хувийн өмч шүү дээ. Хувийн өмчийг дээрэмдэхийг дэмжихгүй” гэж хэлээд өрөөнөөс нь гарч явсан гэх мэдээлэл бий. Түүнээс эхэлж та хоёрын хагарал эхэлсэн үү?  

-“МАК”-ийн Цагаан суваргын ордыг авч тэтгэврийн мөнгийг нэмнэ гэсэн. Ерөнхийлөгч санал, санаачилга гаргасан. Харин миний зүгээс үүнтэй Ардчилсан нам, Ардчилсан намын бүлэг эвлэрч болохгүй гэж хэлж байв. Надаас бусад нь эсрэг байж дагаад явж байсан. Тиймээс намайг бүлгийн дарга байлгахгүй гэж ярьдаг. Өмнө нь ордыг авч тэтгэврийн зээл тэглэсэнтэй би санал нийлдэггүй. Хувийн өмч бол Үндсэн хуулиар хамгаалагдсан. Хууль ёсны дагуух хүний өмчийг шүүхийн шийдвэрээр авах хэрэгтэй. Түүнээс биш төр засаг очоод шууд хураачхаж болохгүй гэсэн байр, суурийг илэрхийлсэн.

-Ерөнхий сайд асан М.Энхсайханыг цагаатгах бичигт Ардчилсан намын гишүүдээс таныг ганцаараа гарын үсэг зурсан гэх мэдээлэл мөн байдаг. Харин бусад нь мөн л Х.Баттулгын заавраар гарын үсэг зурахаас татгалзсан гэсэн. Энэ үнэн үү?

-М.Энхсайханыг Монгол улсын түүхэн дэхь хамгийн сайн Ерөнхий сайд гэж дүгнэдэг. Түүнийг улс төрийн шалтгаанаар шоронд хорьсон. Танхимаараа шийдсэн асуудлын бурууг ганц энэ хүнд тохоод шоронд явуулсан. 60 насыг нэлээн гарсан хүн. Тиймээс түүнд уучлал үзүүлэхийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс би хүссэн. Тэр хүсэлтийг манай бүлгийн ганц, хоёроос бусад нь дэмжээгүй. Ардчилсан намын бүлгийн гишүүд бүгд гарын үсгээ зурвал уучлал үзүүлэх асуудлыг харгалзан үзье гэж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн юм. Гэтэл манай гишүүд зураагүй. Миний зүгээс өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд хүсэлт гаргаж уучлал үзүүлэхийг хүссэн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уучлалыг хүлээж авч шийдвэрлэсэнд маш их талархаж байна. Үүнээс болж над руу хүмүүс утсаар ярьж их дарамталсан.  Хүний эрхийг хамгаалах асуудлаар дуугарах шаардлага өнөөдөр ч байна. Энэ бүгдээс ойлгочих. 

-Ардчилсан намын бүлэгт сүүлд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар нэгдсэн. Тэд УИХ-ын тухай хуулийн 31.2 дахь заалтыг зөрчөөд ирж байхад яагаад хүлээж авсан юм. Хэн нэгэн танд шахалт, дарамт үзүүлсэн юм уу?

-Хоёр гишүүн нэгдэж ажилласан. Шахалт, дарамт ирээгүй. Энэ хоёр гишүүн нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэл зоригоо Ардчилсан намаар дамжуулж илэрхийлсэн. Ардчилсан намын дүрмээр боломжгүй боловч О.Цогтгэрэлийн нам хүлээж аваад явж байсан. Хууль номоороо боломжгүй гэдгийг нь хэлсэн. Тэд  бүлэгт шийдвэр гаргахад оролцох боломжгүй. Гэхдээ үзэл бодлоороо нэгдээд хамтраад явах нь УИХ-ын гишүүдэд нээлттэй шүү дээ. Үзэл, санаа итгэл үнэмшлээрээ нэгдэж ажиллах зорилгоор хүлээж авсан.

-Ардчилсан намын бүлэг хүчтэй сөрөг хүчин байж чадахгүй байна. Маш олон хүн ковидоор нас барж байхад дуугараагүй мөртлөө албан тушаалын зөрчил маргаан гарангуут өчигдөр мэдээлэл хийж байх жишээний. Харин та сүүлийн үед Үндсэн хуулиар хүнд олгогдсон эрхийг хамгаалах чиглэлд идэвхтэй ажиллаж байх шиг байна. Энэ нь таны үзэл санаа, үнэт зүйл үү эсвэл С.Эрдэнийн хүү болохоор сайтар хөөцөлдөлгөөтэй байна уу?

-Хүний эрх зөрчигдөж буй асуудлаар хүн бүр дуугарах ёстой. Ганц Д.Ганбат эсвэл Ардчилсан намын бүлгийн ажил биш. Эрх баригчид болон олон нийтийн зүгээс “Та нар хоёр, гурав хуваагдсан намаа янзал” гэж хэлдэг. Тэгэхээр үүнд ард түмэн автдаг. Үнэхээр манай нам сүүлийн жилүүдэд байнга талцал, хуваагдлын байдалтай байсан. Өмнөх УИХ-д бүр бүлэг ч үгүй байлаа шүү дээ. Энэ хэрүүл маш удаан үргэлжиллээ. Гадаадын болон дотоодын эрх мэдэлтэй, хөрөнгөтэй хүмүүсийн хатгалгаар энэ байдлыг бий болгоод байна. С.Эрдэнийн Одбаяр байна уу хэн ч байсан Монгол улсын иргэн. Монголын бүх иргэн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Ардчилсан нам, ардчилсан үзэлтэй хүн бүр эвлэлдэн нэгдэж энэ эрхийг хамгаалах ёстой. Тэгэхгүй бол дарангуйлал руу, хэдхэн хүний эрх чөлөөг дээдэлсэн, цөөн хүнийг баяжуулсан нийгэм рүү ойртоод байна шүү. Монголхүү, Чинбат ч ялгаагүй. Эрдэнийн Монголхүү, Чинбат биш биз дээ. Хэн нэгнийг онцгойлсон зүйлгүй. Өлсгөлөн зарласан нь Э.Одбаяр юм байна лээ. Хорих ангидаа 10 хоног өлсгөлөн зарлаад байна. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх нь монгол хүнд Үндсэн хуулиар олгогдсон хамгийн үнэт зүйл нь юм. Миний үзэл баримтлал, ардчиллын үнэт зүйл энэ мөн. Үүнийг дэмждэг, хамт байхыг хичээдэг.

-АРДЧИЛСАН НАМЫНХАН УУЛЗАНА. УЧРАА ОЛНО-

- Та С.Эрдэнийн намыг хууль ёсны гэж дүгнээд байна. Тийм үү?

-Тийм. Учир нь сүүлийн бүх сонгууль энэ Ардчилсан намын удирдлагын шийдвэрээр явсан. Тамга, тэмдэг бүртгэл нь энэ талдаа бий. Тэрийг нь Улсын дээд шүүхээс баталгаажуулж Сонгуулийн ерөнхий хороо, Аудитын газар хүлээн зөвшөөрч хүлээж авсан. Энэ дагуу УИХ, Ерөнхийлөгч,  орон нутаг, нөхөн сонгуульд оролцсон.  Тиймээс би хууль, дүрмээ дагахаас өөр аргагүй. Тэгэхгүй бол бүх зүйл замбараагүй болж өнгөрсөн хугацаанд болсон бүх сонгууль хүчин төгөлдөр бус болно шүү дээ. С.Эрдэнэ бол алдаа, оноотой л хүн байх. Гэхдээ үүргээ гүйцэтгэж байна. УИХ-ын сонгуулиар бүх хүн тэр хүнээс нэр дэвших эрхээ аваад тамга, тэмдгээр нь одоогийн үр дүн гарсан. Тэр хүн насан туршийн амьдралаа ардчилалд зориулсан учраас энэ намыг авч үлдэж байгаад дараагийн хүнд нь өгчихье гэсэн бодолтой байх шиг байна. С.Эрдэнэтэй санал нийлэхгүй зүйл олон бий. Гэхдээ Ардчилсан намыг хамгаалах, хуулийн дагуу байхад нь би санал нийлж байгаа юм.

-Цаашид танай бүлгийн асуудал яаж шийдэгдэхээр байна вэ. Ирэх сард хуралдах “Их эе” хурлаа зохион байгуулж чадах юм уу. Энэ бужигнааны дүйвээнд зарим нэг хүн нам авах гэж улайраад л, наймаалцах үйлдлийг аль хэдийн гаргаад эхэлсэн байна. Та хэд хөшигний ард эвлэрэх талаар ярилцаж байна уу. Юу болж шийдэгдэх гээд байна вэ?  

-Мэдээж уужуу, тайван шийдэх ёстой. Учраа олно. Уулзана. Хэлж, ярьж тайлбарлана. Ардчилсан нам ойлголцохгүй бол Монгол улсын эрх ашиг хохирно. Үүний төлөө байгаа ч гэж ойлгуулна. Энэ намын үе, үеийн лидерүүд, гишүүд, тодорхой хэмжээний үүрэг хариуцлага хүлээж УИХ-д сонгогдож, хариуцлагатай ажил хийж байсан хүмүүс энэ асуудлыг тайлбарлах, ярих гэх мэт дүрэм журмынхаа хүрээнд шийднэ. Ардчилсан нам хэл, амаа ололцож чаддаг. Гэхдээ чичрээд дайраад байгаа хүмүүсийг ойлгохгүй байна. Хүнд хэцүү үед нь Ардчилсан намыг байхгүй болгох гэсэн хүсэл зориг зарим хүмүүст байхыг үгүйсгэхгүй.

-Тэгвэл Монголын ардчилал үгүй болно шүү дээ?

-Ардчилсан намыг үгүй болговол ардчилал үгүй болно. Үнэт зүйл үгүй болно. Тийм учраас би хариуцлагатай хандаж байна. Миний үүрэг юм.

-Өнгөрсөн долдугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар та Ардчилсан намын аль, аль талд нь бүртгүүлсэн байдаг. Энэ мэт үйлдэл тань таныг шүүмжлэхэд хүргэдэг. Ямар учиртай тийм үйлдэл гаргаад байдаг юм бэ?

-Эвлэрүүлэх, нэгтгэх үүднээс би хоёр талд нэрээ бүртгүүлсэн. Түүнээс надад нэр дэвших ямар ч бодол үгүй. Би мөнгийг нь ч төлөөгүй. Ойлгодог хүмүүс нь ойлгоно. Гэтэл нэг тал нь дүрмээ зөрчөөд Н.Алтанхуяг, С.Ганбаатар хоёрыг элсүүлсэн. Тэр бүү хэл Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр болсон. Н.Алтанхуяг 2020 оны УИХ-ын сонгуулиар намынхаа эсрэг ажиллаж бие дааж нэр дэвшсэн. Ардчилсан намын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн хэрхэвч тэгэж болохгүй. Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй байсан. Гэтэл түүнийг дэвшүүлж жүжиг тоглосон. Нөгөө талд С.Эрдэнэ өөрөө нэр дэвшсэн. УИХ-ын сонгуульд нам ахалж ороод ялагдсан. Түүндээ хариуцлага хүлээх ёстой атал өөрөө нэр дэвшчихсэн. Угтаа бол бусдадаа боломж бий болгоод өөрөө зохион байгуулалтын ажлыг хийх ёстой байсан.

-Ярилцсанд баярлалаа.