Д.Ганбатыг бүлгийн даргаас нь Ц.Туваан нар ӨНӨӨДӨР огцруулж, АН-ын ХЭРҮҮЛ дахин эхэлнэ

Д.Ганбатыг бүлгийн даргаас нь Ц.Туваан нар ӨНӨӨДӨР огцруулж, АН-ын ХЭРҮҮЛ дахин эхэлнэ

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат өнгөрөгч долоо хоног /2021.10.14/-т мэдээлэл хийж, “УИХ-ын гишүүн Ц.Тувааныг АН-аас хөөсөн тул УИХ дахь бүлгээс хасаж байна” гэж мэдэгдсэн. Учир нь Ц.Тувааныг АН-ын бүлгийн дарга болгохоор Ерөнхийлөгч асан Х.Баттулга зүтгүүлж эхэлсэн тул, энэ асуудал дээр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд хоёр хуваагдсан байгаа юм.

-Ц.ТУВААНЫГ УИХ ДАХЬ АН-ЫН БҮЛГЭЭС ХАСААД Д.ГАНБАТЫГ ОГЦРУУЛАХ АСУУДАЛ ДЭЭР ГИШҮҮДИЙНХ НЬ САНАЛ ТЭНЦЖЭЭ-

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, С.Одонтуяа нар Д.Ганбатыг бүлгийн даргаас нь огцруулахыг эсэргүүцэж байгаа бол, нөгөө талд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Ж.Батсуурь, Н.Ганибал, Б.Бейсен, О.Цогтгэрэл нар Ц.Тувааныг УИХ дахь АН-ын бүлгийн даргаар томилохыг дэмжиж байгаа аж. Мөн эдгээр таван гишүүн Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг үгийг дагадаг гэдэг.

Иймд Ц.Туваан, Ш.Адьшаа, Ж.Батсуурь, Н.Ганибал, Б.Бейсен, О.Цогтгэрэл нарын зургаан гишүүн олонхийг бүрдүүлж, хуралдаад УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг огцруулах боломжтой тул тэрээр “Ц.Тувааныг бүлгээс хаслаа” гэж мэдэгдэн, дээрх зургаан гишүүнийг тав болгож, ирц хүргэхгүй байх тактик барьсан байгаа юм.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг огцруулах асуудал дээр гишүүд нь ийнхүү хуваагджээ

Тэгвэл өнөөдөр /2021.10.18/ УИХ дахь АН-ын бүлэг хуралдах ёстой. Иймд өнөөдрийн хурлаар Б.Бейсен, Ц.Туваан, Ш.Адьшаа, Ж.Батсуурь, Н.Ганибал, О.Цогтгэрэл нар нэгдэж “Д.Ганбатыг УИХ дахь АН-ын бүлгийн даргын албан тушаалаас огцруулж” болзошгүй байна. Харин Д.Ганбат “Ц.Тувааныг АН-ын хөөж, бүлгээс хассан” тул дээрх зургаан гишүүний санал олонхийг бүрдүүлж чадаагүй, санал тэнцсэн гэж маргаж магадгүй юм. Учир нь Д.Ганбатын талын УИХ-ын гишүүд дээр А.Адъяасүрэн нэмэгдсэн гэх мэдээлэл байна. Тодруулбал, А.Адъяасүрэн Баянхонгор аймгаас Д.Ганбаттай хамт парламентад сонгогдсон. Ингээд Ц.Тувааныг хассан тул УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн санал дээрх асуудал дээр тав, тав болж тэнцэж байгаа ажээ.

-Х.БАТТУЛГА “АРДЧИЛСАН ХОЛБОО НАМ”-ЫГ БАЙГУУЛЖ АН-ЫГ БҮР МӨСӨН ХОЁР ХУВААХ УУ-

Нөгөө талд Ерөнхийлөгч асан Х.Баттулга “Ардчилсан холбоо нам” байгуулахаар бэлтгэл ажилдаа орсон байж магадгүй гэх мэдээлэл байна. Шинээр байгуулах тус намыг Монголын Ардчилсан холбоо /МоАХ/-ны суурин дээр байгуулж магадгүй байгаа юм. Харин МоАХ ТББ-ыг сүүлийн 15 жилд Х.Баттулга удирдаж байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа буудаг өдрөө “Монгол Улсын баатар” цолоор тус ТББ-г шагнасан. Тэгвэл түүний улс төрийн багийн гишүүн П.Нүрзэд нь МоАХ-г төлөөлөн зарим орон нутагт очиж “Баатар цолны батламж” гэгчийг гардуулж, МоАХ-ны салбар зөвлөлийн даргыг сонгож яваа ажээ.

Хэрэвзээ Х.Баттулга АН-ын дэргэдэх Монголын Ардчилсан холбоо /МоАХ/-ны суурин дээр улс төрийн нам байгуулбал, АН-ын гишүүд бүтэн хоёр хуваагдах юм.

Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар АН-ын бүлэгт элслээ гэж Д.Ганбат тэдэнд хадаг барьж байв. 2021.05

Сонирхуулахад, өнгөрөгч тавдугаар сар /2021.05/-д “Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар УИХ дахь АН-ын бүлэгт элсэж байна” хэмээн “хадаг, мөнгөн аяга” барьж угтаж байсан Д.Ганбат тэднийг тус бүлэгт байх ёсгүй гэж өнгөрөгч долоо хоног /2021.10.14/-т мөн мэдэгдсэн. Учир нь, Монгол улсын их хурлын тухай хуулийн 31.2 -д “Бүлэгт зөвхөн тухайн нам, эвслээс албан ёсоор нэр дэвшиж сонгогдсон гишүүд орно” гэж заасан байдаг. Тодруулбал, Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар Орхон аймагт бие даан нэр дэвшиж парламентад сонгогдсон билээ.