СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Буудуулж нас барсан 10 настай хүү эмээтэйгээ хамт хоёулхнаа амьдардаг байжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Буудуулж нас барсан 10 настай хүү эмээтэйгээ хамт хоёулхнаа амьдардаг байжээ

Энэ аравдугаар сарын 13-нд /2021.10.13/ Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багийн Шаргачны эх гэх газрын нутаг дэвсгэрт 10 настай хүүхэд буудуулж нас барсан тухай бид өмнө мэдээлсэн. Тэгвэл бид тус хэргийн талаар тодруулж, иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс дараах мэдээллийг нийтэлж байна.

-ТАЛИЙГААЧ ХҮҮ ЭМЭЭТЭЙГЭЭ ХОЁУЛХНАА АМЬДАРДАГ БАЙЖЭЭ-

Тодруулбал, Тус өдрийн 22:55 цагт “Хүүхэд буудуулж нас барсан” гэх дуудлагыг цагдаагийн алба хаагчид хүлээн авч, прокурор, шинжээч нарын бүрэлдэхүүн очиж шалгалт явуулжээ. Хэргийг шалгахад тус аймгийн харьяат 10 настай эрэгтэй Х-ийн баруун нүдний доод хэсэгт нь тус сумын харьяат иргэн 38 настай эрэгтэй Д гэгч нь буудаж амь насыг нь хөнөөсөн байжээ.

Эх сурвалжийн мэдээллээр, “Хэрэгтэн гэх 38 настай Д гэгч нь хүүгийн хүргэн ах байсан бөгөөд Чех карабин маркийн галт зэвсгээ шалгаж, бууныхаа гол төмрөөс сумаа гаргах гэж байгаад хүний аминд хүрсэн байна” гэсэн юм.

Мөн талийгаач хүү эмээтэйгээ хамт хоёулхнаа амьдардаг байсан бөгөөд нагац эгчийндээ мал малладаг аж. Хэрэг гарах тухайн үед эмээ нь сумын төв яваад эзгүй байжээ.

-НУТГИЙН ХҮМҮҮС: ХҮҮ АХЫНХАА БУУГААР ТОГЛОЖ БАЙГААД СУМ АЛДСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ-

Харин тус хэргийн талаар нутгийн хүмүүс бидэнд мэдээлэхдээ, “Хүү ээжийнхээ эгчийнд мал маллаж амьдардаг байсан. Гэрийнхэн нь малдаа явсан хойгуур хүргэн ахынхаа буугаар өөрийгөө буудсан байж болзошгүй. Төвийн цагдаа нар шалгалт хийж байгаа гэсэн. Тэр үед тодорхой болох байх. Хөдөө ийм хэрэг их гардаг. Болгоомжтой байх хэрэгтэй” гэсэн юм. Иймд томчуудын хайнга, хэнэггүй байдлаас болж хүүхдүүд буугаар тоглож байгаад амь насаа алдах хэн нэгний санамсартай санамсаргүй байдлаас сум алдах тохиолдлууд гарсаар байна. Энэ мэт аймшигт хэргүүд зөвхөн томчуудын хариуцлагагүйгээс үүдэлтэйг ухаарч, дор бүрнээ хүүхдээ хаана юу хийж байгаа болон эргэн тойронд гарч болох эрсдэлээс сэргийлж, нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж байх ёстойг ар гэрийнхэнд сануулахыг хүслээ.