Энэ онд 2-3 настай 150 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй байна

Энэ онд 2-3 настай 150 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй байна

УИХ-ын намрын чуулганаар Боловсролын багц хуулийг хэлэлцэнэ. Уг хууль батлагдвал хоёр настай хүүхдүүдийг ирэх жилээс цэцэрлэгт хамруулахгүй болох талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Хоёр нас бол хүүхдийн хөгжих үе. Гурван наснаас боловсрол олгох үе гэж үздэг. Хоёр настай хүүхдүүдийг ясли, хүүхэд харах төвд хамруулж хөгжүүлнэ. Хувьсах зардлыг төрөөс олгох гэх мэт эцэг, эхтэй хамтран зохион байгуулна. Харин гурван наснаас цэцэрлэгт хамруулдаг болно" гэж мэдэгдсэн. 

Хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулахгүй болсон шалтгаан нь таван настай хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулахаар болсонтой холбоотой гэж хууль санаачлагчид тайлбарлаж буй. Энэ жилийн тухайд ч хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулаагүй ба энэ шийдвэр нь олон эцэг, эхийн хөдөлмөрлөх эрхийг хязгаарлаж байгаа гэх шүүмжлэл бий. 

2021 онд 2-3 настай 150.000 хүүхэд цэцэрлэгт хамрагдаагүй ба хүүхэд харах хүнгүйгээс болж 121.000 эмэгтэй ажил хийх боломжгүй байна.

МАН-ын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт хүүхэд харах үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж 1-2 хоёр настай хүүхдийг хамруулах боломжтой болгож, яслийн үйлчилгээг сэргээнэ гэж амласан ч өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 5-6 ясли байна.

Хүүхэд харах үйлчилгээг өнгөрсөн жилээс зогсоочихсон үндэс суурь нь бэлэн биш энэ үед хоёр настнуудыг ийнхүү цэцэрлэгээс хасах гэж байгаа шийдвэр нүдээ олохгүй байна гэж эцэг эхчүүд болон судлаачид шүүмжилж байгаа юм.

Г.МӨНХБАЯР




ГҮМҮДА-Тэр ертөнц

38 минутын өмнө

Өнөөдөр үхэр өдөр

4 цагийн өмнө