Скарлетт Йоханссон “Диснэй” компанийг шүүхэд өгснөөс хоёр сарын дараа тохиролцож чаджээ

Скарлетт Йоханссон “Диснэй” компанийг шүүхэд өгснөөс хоёр сарын дараа тохиролцож чаджээ

Холливудын алдарт жүжигчин Скарлетт Йоханссон, "Уолт Диснэй" компанийн хооронд санхүүгийн маргаан үүсээд байсан. Тодруулбал, "Диснэй" Скарлетт Йоханссонтай хийсэн гэрээндээ "Black Widow" кинонд тоглосны цалин болгож 20 сая ам.доллар, мөн киног 90-120 хоногийн хугацаанд зөвхөн кино театрт гаргаж, борлуулсан тасалбарын мөнгөн дүнгээс урамшуулал өгнө гэж амласан байна.

Гэвч киног бүтээгчид "Disney+" платформоор хүмүүст үзүүлж эхэлсэн нь тасалбар борлуулалтыг багасгаж, Скарлетт Йоханссонд очих урамшууллын хувийг бууруулсан гэж жүжигчин бүсгүй үзэн, өнгөрсөн долдугаар сард шүүхэд хандсан юм.

"Диснэй" компаниас энэ үйлдлээ цар тахлын үед авч хэрэгжүүлсэн, зайлшгүй алхам хэмээн тайлбарласан. Гэвч үл ойлголцол, маргаан хоёр сар гаруй үргэлжилсэн юм. Тэгвэл өчигдөр/2021.09.30/ талууд нэгдсэн тохиролцоонд хүрчээ. Тэдний тохиролцсон мөнгөн дүнг олон нийтэд зарлаагүй ч, талууд бүгд сэтгэл хангалуун үлдсэн хэмээн эх сурвалжууд мэдээлжээ.

Скарлетт Йоханссон өнөөдөр өгсөн ярилцлагадаа "Диснэй компанитай тохиролцоонд хүрсэндээ баяртай байна. Би тэдэнтэй хамтарч ажилласан он жилүүдээрээ маш их бахархдаг. Цаашдаа ч илүү урт хугацаанд, олон төсөл дээр хамтран ажиллана гэдэгтээ итгэлтэй байна" хэмээн ярьжээ.

Харин "Диснэй" компанийн контент хариуцсан захирал Алан Бергман “Скарлетт Йоханссон "Диснэй" нарын дунд байсан үл ойлголцлоо нэг тийш болгож чадсандаа баяртай байна. Түүний Марвелын ертөнцөд оруулсан хувь нэмрийг бид өндрөөр үнэлдэг. Цаашдаа ч түүнтэй хамтран ажиллах зорилго, сонирхол бидэнд бий" гэжээ.

Талуудын тохиролцсон мөнгөн дүнг нууцалж байгаа ч зарим эх сурвалжуудын таамаглаж буйгаар "Диснэй" жүжигчин бүсгүйд 40-50 сая долларын нөхөн олговор олгож байж магадгүй аж.

Эх сурвалж: Straitstimes