С.Энхболд: Үндсэн тусламж үйлчилгээ алдагдах эрсдэлтэй тул үүнээс цааш ор дэлгэх боломж байхгүй

С.Энхболд: Үндсэн тусламж үйлчилгээ алдагдах эрсдэлтэй тул үүнээс цааш ор дэлгэх боломж байхгүй

Эрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, орны хүрэлцээний талаар салбарын сайд С.Энхболд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Эрүүл мэндийн салбарын ачаалал таазандаа тулсан байдалтай байна. Улсын хэмжээнд үндсэн тусламж үйлчилгээ болон сувилалын чиглэлийн нийт орны тоо 27,083 байдаг. Өнөөдрийн байдлаар 21,700 гаруй ор дээр ковид-19 ийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Үндсэн орныхоо 46.9 хувийг орон нутгийн эмнэлгүүдэд 50.3 хувийг нийслэлийн эмнэлгүүдэд ковидын тусламж үйлчилгээнд ашиглаж байна. Үүнээс цааш бидэнд ор дэлгэх боломж байхгүй. Учир нь үндсэн тусламж үйлчилгээ алдагдах эрсдэлтэй юм.Дүүргийн нэгдсэн эмнэлгийн орноос 76.9 хувь нь зөвхөн ковидын тусламж үйлчилгээг үзүүлж байна. Бид бүхэн дүүргийн эмнэлэг дээр авч байгаа үндсэн тусламж үйлчилгээг эмнэлэг рүүгээ татаж байгаа. Цаашид тусгаарлах байр, буудалд ор дэлгэж болно. Гэвч тэнд ажиллах хүний нөөцийн хомсдолтой байна. Эрүүл мэндийн салбар дээд хэмжээндээ тултал ажиллаж байна. Цаашид ард иргэд маань өөрсдөө хариуцлагатай байж, амны хаалтаа зүүж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлах нь халдвараас сэргийлэх бүрэн боломжтой юм” гэлээ. 

Г.Хулан