Их Британид иргэд шатахуун их хэмжээгээр нөөцөлснөөс хомстол үүсжээ

Их Британид иргэд шатахуун их хэмжээгээр нөөцөлснөөс хомстол үүсжээ

Өнгөрсөн пүрэв гараг/2021.09.23/-т Их Британийн газрын тосны BP корпорац шатахуун нийлүүлэхтэй холбоотой асуудлаас болж шатахуун түгээх хэд хэдэн станцаа хаасан нь хиймэл эрэлт үүсгэжээ. Баасан, бямба гаргуудад шатахуун түгээх станцуудад машинуудын урт дараалал үүсэж, зарим нь их хэмжээний эрэлтээс болж огт шатахуунгүй болсон байна.

Улмаар үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан томоохон шатахуун түгээх станцуудын нөөц дуусаж түр хугацаанд хаагдахаас өөр аргагүйд хүрсэн байна. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлж буйгаар одоогоор 20 орчим шатахуун түгээх станц хаагдсан бол 100 гаруй иргэн ямар ч шатахуунгүй болжээ.

Иргэд их хэмжээгээр шатахуун нөөцөлснөөр эрүүл мэндийн ажилчид, гал сөнөөгчид гэх мэт яаралтай тусламжийн салбарын ажилчдын үйл ажиллагаа доголдох вий гэдгээс эрх баригчид болгоомжилж байна. 

Их Британид шатахуун нийлүүлэх машины жолооч нар ихэвчлэн гадаадын иргэд байдаг аж. Гэвч жолооч нар коронавирусийн халдвар, Brexit-ийн дараах тодорхойгүй байдал, визний асуудлын улмаас Их Британиас явж, ажиллах хүч дутмаг болж эхэлжээ. Иймээс Засгийн газраас бямба гарагт мэдээлэл хийж, эмх замбараагүй байдлыг арилгахын тулд 5 мянган гадаадын иргэнд богино хугацааны виз олгох шийдвэр гаргасан байна. 

Эх сурвалж: Guardian