БНХАУ криптовалютын бүх төрлийн гүйлгээг хориглолоо

БНХАУ криптовалютын бүх төрлийн гүйлгээг хориглолоо

БНХАУ-ын Төв банк өчигдөр/2021.09.24/ криптовалютын бүх гүйлгээг хууль бус хэмээн зарлаж, биткойн гэх мэт дижитал валютын хэрэглээг хориглолоо. 

Төв банкнаас гаргасан мэдэгдэлд “Виртуал валюттай холбоотой бизнесийн үйл ажиллагаа нь хууль бус санхүүгийн ажиллагаа. Иргэдийн хөрөнгийн аюулгүй байдалд ноцтой аюул учруулж байна” гэжээ. 

Тус улс нь дэлхийн хамгийн том крипто валютын зах зээл. Хятадын крипто валютын хэлбэлзэл нь дэлхийн крипто валютын үнэд нөлөөлдөг гэж хэлж болно. Уг мэдэгдлийн дараа биткойны ханш 2 мянга гаруй ам.доллараар буурчээ. Мөн алткоинууд буюу бусад төрлийн криптовалютуудын ханш унасан байна. 

Хятадад 2019 оноос эхлэн крипто-валютын арилжааг албан ёсоор хориглосон боловч гадаад биржээр дамжуулан иргэд хэрэглэсээр байсан юм. Гэвч Баасан гарагийн мэдэгдэл нь Хятад улс крипто валютын арилжаагаа бүх хэлбэрээр хаах томоохон оролдлого болж байна. Мэдэгдэлд дурдсанаар “хууль бус санхүүгийн үйл ажиллагаа явуулсан этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэж тооцож хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх аж.  

Эх сурвалж: BBC