Европын улсуудад ухаалаг төхөөрөмжийг ижил цэнэглэгчээр цэнэглэх шаардлага тавина

Европын улсуудад ухаалаг төхөөрөмжийг ижил цэнэглэгчээр цэнэглэх шаардлага тавина

Энэ долоо хоногт Европын холбооноос бүх гар утаснуудын USB цэнэглэгч ижил байх дүрмийн талаар хэлэлцжээ.

Тодруулбал, уг дүрмийн дагуу Европын иргэдийн бүх гар утас болон камер, таблет гэх мэт төхөөрөмжүүд ижил цэнэглэгчтэй байх аж. Европын холбооны технологийн салбарын дарга энэ талаар “Хэрэглэгчид өөр өөр төрлийн цэнэглэгчтэй байснаар электрон төхөөрөмжийн хог хаягдлыг нэмэгдүүлэхэд нөлөөлж байна. Нөгөө талаар иргэд төхөөрөмж бүртээ өөр, өөр цэнэглэгч авч явахаас залхаж байгаа тул өөрчлөлт хийх цаг нь ирсэн" гэжээ. 

Мөн үйлдвэрлэгчдэд хангалттай хугацаа олгоно гэж мэдэгдээд байна. Гэсэн ч технологийн "магнат" “Apple” компани уг шийдвэрийг тийм ч тааламжтай хүлээж авсангүй. Учир нь тус компани нь өөрийн бүтээгдэхүүнүүдээ “Lightning” загварын зориулалтын цэнэглэгчийг ашигладаг юм.

Судалгаанаас үзвэл, Европын иргэд дунджаар гурван өөр цэнэглэгчийг тогтмол хэрэглэдэг бөгөөд жил бүр нийт 2,8 тэрбум ам.доллар зарцуулагддаг аж. Тиймээс энэхүү дэвшилтэт арга нь хуучин цэнэглэгчээ дахин ашиглах болоод хог хаягдлыг бууруулахад маш том тус дэм болно гэж Европын Холбоо үзэж байна. 

Эх сурвалж: BBC