Украины эрх баригчид “олигархуудыг улс төрд оруулахгүй байх” хууль баталлаа

Украины эрх баригчид “олигархуудыг улс төрд оруулахгүй байх” хууль баталлаа

Украины эрх баригчид өчигдөр/2021.09.23/ "олигарх" гэсэн ангилалд багтсан хүмүүсийг улс төрд оруулахгүй байх хууль баталжээ. Олигархуудыг тодруулахдаа хэд хэдэн шаардлага тавих бөгөөд шаардлагуудад нийцсэн хэнийг ч улс төрийн албан тушаалд томилохгүй аж. Мөн олигархуудыг улс төрийн намуудыг санхүүжүүлэх, хувьчлалд оролцохыг хориглохоор болжээ.

Тухайн хүнийг олигарх ангилалд оруулах эсэхийг Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөл шийдэх юм байна.

Украины Ерөнхийлөгч Александр Зеленский энэ талаар “Хэдэн арван жилийн турш улс төрийн тогтолцоог завхруулсан хүчирхэг бизнесменүүдээс ангижрах шаардлагатай байна. Олон улс төрч уг хуульд дургүй байгааг мэдэж байна. Тэд олигархуудад ажиллаж, депутатуудад маш их дарамт шахалт үзүүлж, шантааж хийхийг хүсэж байгаа. Гэхдээ хууль батлагдсан” гэжээ.

Харин сөрөг хүчний зүгээс “Ерөнхийлөгч өөрийн гарт илүү эрх мэдэл төвлөрүүлэхийн тулд энэ хуулийг ашиглах болно” гэсэн байр суурьтай байна. Сөрөг хүчний хууль тогтоогч Олексий Гончаренко энэ талаар “Ерөнхийлөгчийн байгууллагад олигарх гэж хэн болохыг тогтоох эрх мэдэл өгснөөр уг хууль авлигын асар том хүрээг бий болгоно" гэжээ.

Хоёр хоногийн өмнө Украины Ерөнхийлөгч Александр Зеленскийгийн туслах, дотнын найзынх нь аминд хүрэхийг оролдсон халдлага болсон. Уг халдлагын дараа Олигархуудын эсрэг хуулийг баталсан нь хэн нэгэнд хариу барьж байгаа бололтой хэмээн зарим улс төр судлаач үзэж байна.

Эх сурвалж: USN