Талибанчууд гар тайрах, цаазаар авах ялыг эргэн сэргээх гэж буйгаа мэдэгдлээ

Талибанчууд гар тайрах, цаазаар авах ялыг эргэн сэргээх гэж буйгаа мэдэгдлээ

Талибан хөдөлгөөний үүсгэн байгуулагчдын нэг болох Мулла Нуруддин Тураби өчигдөр/2021.09.23/ “Ассошиэйтед Пресс” агентлагт өгсөн ярилцлагадаа олон нийтийн өмнө цаазаар авах, гар тайрах шийтгэлийг эргэн сэргээхээр төлөвлөж байгаа талаар ярьжээ. Өдгөө 60 гаруй настай Мулла Нуруддин Тураби Талибаны өмнөх засаглалын үед Хууль зүйн сайд, Урьдчилан сэргийлэх яамны тэргүүн, Шашны цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан нэгэн юм.

Тэрбээр “Хүн бүхэн олон нийтийн өмнө цаазаар авах ялыг шүүмжилдэг байсан. Гэхдээ бид бусдын хууль тогтоомж, шийтгэлийн талаар хэзээ ч дуугарч байгаагүй. Бидний хууль тогтоомж ямар байхыг хэн ч заахгүй. Бид зөвхөн Исламыг дагаж, Коран сударт бичигдсэний дагуу хуулиа батлах болно” гэжээ.

Наймдугаар сарын 15-нд Талибанчууд Кабулыг эзлэн, Засгийн эрхийг авснаас хойш 1990-ээд оны сүүлээр тогтоож байсан хатуу дэглэмээ эргэн сэргээх вий гэдгээс Афганчууд болон дэлхий нийт болгоомжилж байв. Гэвч Турабигийн хэлсэн үгээс Талибанчууд одоог хүртэл хатуу дэглэмдээ үнэнч байгаа нь харагдаж байна.

1990-ээд оны үед Талибанчууд аллага үйлдсэн ялтнуудыг ихэвчлэн спортын цэнгэлдэх хүрээлэн, Эйд Гах сүмийн талбайд толгой тус газар нь буудаж цаазаар авдаг байв. Мөн хулгай хийсэн хүмүүсийн гар, хөлийг тайрч байсан удаатай. Тухайн үед сэжигтний гэм бурууг шүүх хурлаар тогтоодог байсан ч шүүх байгууллагууд лалын шашны тэргүүлэгчдийг дэмждэг, хуулийн мэдлэг нь зөвхөн шашны зарлигаар хязгаарлагддаг байв.

Эх сурвалж: APnews




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө