НҮБ-ын төв байрны урд сүндэрлэж байсан бүтээл нийслэл хотноо дахин сүндэрлэв

НҮБ-ын төв байрны урд сүндэрлэж байсан бүтээл нийслэл хотноо дахин сүндэрлэв

Энэ есдүгээр сарын 22-ны /2021.09.22/ өдрөөс эхлэн Нийслэлийн Соёл, урлагийн газрaaс “Урлагийн хот Улаанбаатар" аяныг өрнүүлж эхэллээ.

Энэхүү аяны хүрээнд Монголын Урчуудын эвлэлийн хорооны дэргэдэх “Бий Контемпорари” арт галерейн уран бүтээлчидтэй хамтран өчигдрөөс МУЭ-ийн шагналт, МУУГЗ, Олон улсын “Норд арт” фестивалийн Гран при шагналт, уран барималч А.Очирболдын “Ухамсар” хэмээх бүтээлээр аяныг эхлүүлсэн байна. Харин өчигдрөөс цахим сүлжээнд тус бүтээл дээр гарч зогссон хүмүүсийн тухай шүүмжлэл ихээхэн явсан юм. 

Энэхүү бүтээлийн уран барималч А.Очирболдын хувьд “Амур”, “Буур Жамьян”, “Дэмүүл Арслан”, “Хотгойдын ван Чингүнжав”, “Мандухай сэцэн хатан” зэрэг алдартай баримлуудыг бүтээсэн бөгөөд түүний “УХАМСАР” хэмээх нарны гэрлийг дагаж хадалснаар цаг хугацааг илэрхийлж буй бүтээл нь АНУ-ын Нью-Йорк хотноо 2017 онд  192 орны бүтээлээс сонгогдон НҮБ-ын төв байрны цэцэрлэгт хүрээлэнд байрлаж байсан түүхтэй аж.

Тэрбээр анх энэхүү “Ухамсар” хэмээх бүтээлээ НҮБ-ын үйл ажиллагаа, үзэл санаатай нийцэж байсан тул НҮБ-ын төв байрны цэцэрлэгт хүрээлэнд өөрийн бүтээлээ байрлуулах санааг Монгол улсын дөрөв дэх Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид хэлж байсан байна.

Ц.Элбэгдоржийн зүгээс тухайн үед “НҮБ-ын өндөр шалгуурт тэнцэж чадвал сайн байна. Материалаа бүрдүүлээд өгөөд үз” гэж байжээ. Иймд НҮБ-ын урлаг хариуцсан комиссоос хоёр жил тутамд нэг удаа сонгон шалгаруулалт хийдэг жил нь дэлхийн 192 орны бүтээлүүдээс сонгон шалгаруулалт хийж энэхүү бүтээл шалгарч байжээ.

Хөшөөн дээр гарч зогссон байсан байдал

Нью-Йорк хотноо байрлах "Ухамсар" бүтээл

Нийслэл дэх бүтээл