Манай улс шатахууны хомстолд ороод байна. Энэ байдал ирэх аравдугаар сарын 01-ны өдөр, цаашлаад аравдугаар сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжилж магадгүй талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Иймд бид шатахууны импортлогч компаниудын төлөөллүүдээс дараах мэдээллийг цуглууллаа.
-“ШАТАХУУНЫ ХОМСТОЛ ҮҮСЭХ ГЭЭД БАЙНА” ГЭЖ АНХААРУУЛСААР БАЙТАЛ УУЛ УУРХАЙН ЯАМ, АМГТГ ЗЭРЭГ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД ҮЛ ТООЖ БАЙЖЭЭ-
Тодруулбал, өнгөрөгч Долдугаар сарын сүүлээр ОХУ-ын тал дотоодын зах зээлийн нийлүүлэлт, үнийн нөхцөл байдлаас хамаарч шатахууны экспортод түр хориг тавих талаараа мэдэгдсэн байна. Иймд манай шатахуун борлуулагч компаниуд энэ талаар Уул уурхайн яам болоод АМГТГ /Ашигт малтмал газрын тосны газар/-т мэдэгдэж анхааруулсан ч, тэд хариу арга хэмжээ авалгүй, үл тоожээ. Ингээд өнөөдрийн шатахууны хомстол үүссэн байна. Мөн шатахуун борлуулагч компаниуд дунджаар “30 хоногийн бензиний нөөц” бүрдүүлэх ёстой бөгөөд одоо нөөц шатахуунаа борлуулаад эхэлсэн, дуусахад тун ойрхон байгаа ажээ.
Тэд “нөөцөө шатахуунаа борлуулахад хүрлээ” гэдгээ ч Уул уурхайн яам, АМГТГ зэрэг төрийн байгууллагуудад мэдэгдсэн ч мөн л үл тоож байжээ.
Товчхондоо, Шатахууны хомстол үүсэх гээд байна гэж анхааруулсаар байтал төрийн холбогдох байгууллагууд урьдчилан сэргийлэх, нөөц бүрдүүлэх, өөр улсаас шатахуун худалдаж авах зэрэг ямар ч хариу арга хэмжээ аваагүй байна. Энэ талаар ч өчигдөр /2021.09.22/ болсон Засгийн газрын хуралдаанаар яригдаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Шатахууны хомстол үүсэхэд алдаа гаргасан, буруутай албан хаагчдад хариуцлага тооцож, арга хэмжээ авах үүрэг”-ийг өгсөн гэж буй.
-ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛӨЛ ОХУ-ЫН ТАЛТАЙ ХЭЛЦЭЛ ХИЙХЭЭР ЯВСАН Ч ТЭДЭНТЭЙ ХАМТ ЗАСГИЙН ГАЗАР, УУЛ УУРХАЙН ЯАМНЫ ТӨЛӨӨЛӨЛ ЯВААГҮЙ БАЙНА-
Ямартай ч шатахуун борлуулагч манай дотоодын компаниудыг төлөөлж Петровис компанийн захирал О.Содбилэг, Шунхлай компанийн захирал Ж.Мөнхнаран нарын хүмүүс уржигдар /2021.09.21/ ОХУ-ын шатахуун экспортлогч компаниудтай “хэлцэл” хийхээр тус улсыг зорьсон байна.
Харин тэдэнтэй хамт Засгийн газар, Уул уурхайн яам, Гадаад харилцааны яамны төлөөлөл яваагүй бөгөөд зөвхөн Ашигт малтмал газрын тосны газар /АМГТГ/-ын төлөөлөл хамт явжээ.
Тэд Эрхүү хотод ажлын эхний уулзалтаа хийгээд өчигдөр /2021.09.22/ Москва хотод очсон бөгөөд уулзалт нь өнөөдөр /2021.09.23/ тус хотод үргэлжлэх ажээ. Гэсэн хэдий ч тэдний хэлцэл дорвитой үр дүнд хүрэхгүй байж болзошгүй бөгөөд “жаахан шатахуун л олж ирэх байх” гэж эх сурвалж мэдээлсэн юм.
Учир нь тэд “тохиролцоо” хийх түвшний хүмүүс биш бөгөөд ОХУ-ын талтай Ерөнхийлөгч, Засгийн газрын түвшинд уулзалт хийж байж доривтой өөрчлөлт гарна.
Харин Богдхан төмөр замын төсөл, цаашлаад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн тус улсад хийсэн айлчлал зэргээс болж ОХУ манай улсад нийлүүлэх шатахуундаа хязгаарлалт тогтоосон байж магадгүй гэсэн юм.