Холын зайд гүйсэн Э.Даваажамцад хоёр өрөө байр, таван сая төгрөг, Т.Рэнцэнбадам бүсгүй автомашинаар тус тус шагнуулжээ

Холын зайд гүйсэн Э.Даваажамцад хоёр өрөө байр, таван сая төгрөг, Т.Рэнцэнбадам бүсгүй автомашинаар тус тус шагнуулжээ

Өнгөрсөн зургадугаар сарын 02-ны өдөр /2021.06.02/ Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц Ховд аймгаас Улаанбаатар хот хүртэл 1500 км гүйхээр аймгийнхаа төв талбайгаас хөдөлж байв.

Ингээд тэрээр Дорнод аймгийн Чойбалсан хот хүртэл гүйж нийт 2127 км замыг туулсан юм. Ийнхүү Э.Даваажамц нь 46 хоногийн турш гүйснээр хэт холын зайн гүйлтийн дээд амжилтыг тогтоосон гэдэг. 

-Э.ДАВААЖАМЦЫН ГЭР БҮЛД ХОЁР ӨРӨӨ БАЙР, ТАВАН САЯ ТӨГРӨГ, ХАНДИВЫН УРАМШУУЛАЛ ОЛГОСОН-

Энэхүү үйл явдлыг нийт Монголын ард түмэн таатайгаар хүлээн авч дэмжиж, урамшуулж байсан. Анх энэхүү гүйлтийн зорилгыг тэрбээр тодорхойлохдоо “өөрийн эх оронд холын зайн гүйлтийн дээд амжилтыг тогтоох, монгол хүмүүн, монгол цэргийн эр зориг, тэсвэр хатуужлыг иргэд, залуучууд, өсвөр үеийнхэнд сурталчлан өөрийн биеэр үлгэрлэн харуулахад чиглэгдэж байна” гэж байсан юм.

Ийнхүү түүнийг зорилгоо биелүүлснийг өндрөөр үнэлж, Батлан хамгаалах яамнаас мөнгөн дэмжлэг болгож таван сая төгрөг, цэргийн шинэ дүрэмт хувцсыг гардуулан өгсөн бол мөн ЗХЖШ, Төрийн цэргийн командал, нэгтгэл, ангиудын тэргүүн ахлагч нараас  хандив цуглуулж өгсөн байна. Цаашлаад Спортын мастер цол болон “Зэвсэгт хүчний Биеийн тамир, спортын алдар” медалийг олгожээ.

Түүнийг өөрийн төрөлх нутагтаа очиход Ховд аймгийн удирдлагууд угтан авч, гэр бүлд нь хоёр өрөө байр бэлэглэсэн бөгөөд хамт явсан ЗХ-ний 123 дугаар ангийн эмч, тогооч нарт мөн тус тус 1 сая төгрөг, 10 хоногийн цалинтай чөлөө олгосон байна.

Э.Даваажамц нь гүйх бэлтгэлээ гурван сарын хугацаанд хийж, 2127 км гүйхдээ дүрэмт хувцасны ямар ч зөрчилгүй өмссөн тул түүний цэргийн хувцсыг нь ч “МОНГОЛ ЦЭРГИЙН МУЗЕЙ"- д хадгалсан юм.

-ХИЛЧИН БҮСГҮЙ Т.РЭНЦЭНБАДАМИЙГ МӨН ПРИУС 50 АВТОМАШИН, САЛБАРЫН ШАГНАЛ, ДУРСГАЛЫН ЗҮЙЛЭЭР ШАГНАЖЭЭ-

Э.Даваажамцын энэхүү тэмдэглэлт үйл явдлын дараахан буюу наймдугаар сарын 01-ны өдөр /2021.08.01/  Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах Хилийн цэргийн 0108 дугаар ангийн, ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам өмнөд хилийн отрядаас умард хилийн отряд хүртэл буюу Сэлэнгэ аймаг хүртэл 1100 км-ын холын зайд гүйж, Хил хамгаалах байгууллагын 88 жилийн ойн баярын өдөр буюу есдүгээр сарын 17-ны өдөр бариандаа орж байсан юм.

Тэрбээр нийт 48 өдрийн турш байгалийн аюулт үзэгдэл, салхи шуурга, аадар бороотой таарсан олон өдөр байсан ч нэг ч өдөр амралгүй гүйсээр бариандаа ирсэн бөгөөд анх гүйх санаагаа “Хоёр жилийн турш хүнд нөхцөлд ажилласан хилийн цэргийнхээ нийт алба хаагчдадаа хүч нэмж, урам хайрлахаар гүйх шийдвэрийг гаргасан” гэсэн юм.

Т.Рэнцэнбадам “Эх орон, эв нэгдлийн төлөө зүгээр л гүй” уриатайгаар гүйсэн ба мөн Цэргийн хүний тэсвэр тэвчээр хатуужлыг харуулсан түүнд Сэлэнгэ аймгийн удирдлагууд талархал илэрхийлж, аймгийн ахмад хилчид, хилчин бүсгүйчүүд дурсгалын зүйлс гардуулж салбарын шагналуудаар шагнасан бол түүнийх төрсөн ахынх нь зүгээс Приус-50 маркын автомашин бэлэглэжээ.

Түүний хувьд эх орондоо холын зайн гүйлтээр гүйсэн хоёр дахь хүн учраас иргэд байрны төлөө ийм алхам хийж байна гэх нэлээдгүй шүүмжлэлийг авсан юм.

-ХОЛЫН ЗАЙН ГҮЙЛТИЙН АМЖИЛТЫГ ЭВДЭХЭЭР ДАХИН НЭГ ИРГЭН ГҮЙЖ БАЙНА-

Ийнхүү Э.Даваажамцын зорилго биеллээ олж, иргэд холын зайн гүйлтийн амжилтыг шинэчлэн тогтоохоор гүйж эхэлсэн ба саяхан Э.Даваажамц өөрийн цахим хуудаснаа, “Холын зайн гүйлтийн амжилтыг шинэчлэн тогтоохоор гүйж буй н.Бат-Амгалан залууг Ховд аймагт маань ирэхэд нь угтан авч цуг гүйж бас үдэн гаргаж өглөө .н.Бат-Амгалан болон багийн хамт олонд нь амжилт хүсье” гэжээ. Мөн энэхүү үйл явдал нь дан ганц байр болон шагнал урамшууллаас болж гүйж байгаа хэрэг огт биш гэдгийг иргэдэд ойлгуулж байгаа явдал болов уу гэж үзэж байгаа гэлээ.