Куба улс хоёр настай хүүхдүүдийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулж эхэлжээ

Куба улс хоёр настай хүүхдүүдийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулж эхэлжээ

Куба улс хоёр настай хүүхдүүдийг коронавирусийн эсрэг вакцинаар дархлаажуулж эхэлжээ. Ингэснээр тус насны бүлгийг вакцинжуулсан дэлхийн анхны улс Куба болж байна. Өнгөрсөн ням гараг/2021.09.19/-т гэхэд Гавана хотод 2-5 насны 230 хүүхэд вакцин хийлгэсэн бөгөөд эцэг эхчүүд хүүхдээ дархлаажуулахад тун идэвхтэй оролцож байгаа аж.

Тус улсад коронавирусийн Дельта хувилбар илэрч, хүүхдүүдийн дундах өвчлөл нэмэгдсэн юм. Улмаар есдүгээр сарын эхээр сургуулиудын үйл ажиллагаа эхлэх байсан ч цуцлагдсан.  

Кубын Эрүүл мэндийн сайд Хосе Портал Миранда өнгөрсөн сарын сүүлээр засгийн газрын “Cubadebate” вэбсайтад бичсэн нийтлэлдээ сүүлийн хэдэн сарын хугацаанд хүүхдүүдийн дундах халдвар нэмэгдэж байгаа талаар анхааруулж байжээ.

Албан ёсны статистик мэдээгээр, одоогийн байдлаар тус улсад 117,500 насанд хүрээгүй хүүхэд коронавирусээр өвчлөөд байгаа аж. Харин хэчнээн хүүхэд амиа алдсан талаар Засгийн газар албан ёсны мэдээллийг өгөөгүй байна. Наймдугаар сарын эхэнд Кубын Эрүүл мэндийн яамнаас насанд хүрээгүй 10 хүүхэд, нярай халдварын улмаас нас барсан гэжээ.  

Эх сурвалж: CNN