Афганистан дахь Хазара Монголчууд “хүнд хэцүү үед биднийг бүү орхиоч” гэсэн захидлыг манай ГХЯ-нд  илгээжээ

Афганистан дахь Хазара Монголчууд “хүнд хэцүү үед биднийг бүү орхиоч” гэсэн захидлыг манай ГХЯ-нд илгээжээ

Өнгөрсөн наймдугаар сарын 15-ны өдөр Талибан зэвсэгт хөдөлгөөнийхөн Афганистаны нийслэл Кабулд нэвтрэн, 20 жилийн дайнд ялалт байгуулснаа зарласан. Засгийн газрын цэргүүд тэдэнд эсэргүүцэл үзүүлээгүй бөгөөд Афганий ерөнхийлөгч Ашраф Гани ордноо орхин явж, уг шийдвэрээ “энгийн иргэдийн цусыг урсгахгүйн тулд” хэмээн тайлбарласан юм.

Улмаар Талибан хөдөлгөөнийхөн өөрсдийн “Исламын Эмирт Афганистан Улс”-ыг дэлхий дахинд зарлах гэж буйгаа мэдэгдсэн. Үүнээс хойш тус улсад эмх замбараагүй байдал өрнөсөөр байгаа билээ.

Тэгвэл Афгинастан дахь Хазара Монголчуудын “Могол Консул”-ын газраас энэ сарын 13-ны өдөр манай Гадаад хэргийн яаманд дараах захидлыг илгээжээ.

ТУС ЗАХИДАЛД: 

“Монгол Улсын Гадаад хэргийн яаманд

Сайн байна уу, хүндэт ноён/хатагтай. Та бүхнийг сайн байгаа гэж найдаж байна.

Афганистан дахь Моголын Үндэсний зөвлөл нь хүний эрх, иргэний чөлөөт үйл ажиллагааны төлөө ажиллаж, үндэсний эрх тэгш байдлыг хангах зорилгоор 2011 онд байгуулагдсан нийгмийн зөвлөл юм. Афганистан дахь Могол үндэстний талаар та бүхэн мэдэх биз ээ. Бид бол Афганистаны цөөнх бүлэг бөгөөд аймшигтай түүхийг туулсан. Моголчуудын иргэний харьяаллын эрхийг хассан өмнөх Засгийн газар биднийг Афганистаны иргэн гэж тооцдоггүй, анхаарал хандуулдаггүй байв.

Одоо Афганистанд Талибанчууд хүчээ авч, Моголчууд геноцидтэй тулгарч байна. Талибан бүлэг манай зөвлөлийн таван гишүүнийг хөнөөсөн ба бусад гишүүнд ч аюул тулгараад байна.

Бид сүүлийн 10 жилийн хугацаанд Моголчуудыг хамгаалж, Афганистаны өөр нэгэн үндэстэн гэж таниулахын тулд чадах бүхнээ хийсэн. Гэвч одоо юу ч хийж чадахгүйд хүрлээ. Манай зөвлөлийн бүх гишүүн үл мэдэгдэх газруудад нуугдаж, амьдарч байна. Үүнээс гадна Талибаны сүрдүүлгийн улмаас манай офис хаагдсан. Эрхэм хүндэт ноён/хатагтай, Монголын хүндэт Засгийн газраас энэ хүнд, хэцүү нөхцөлд биднийг бүү орхиоч гэж гуйж байна. Бүх Монголчууд аюултай нөхцөл байдалд орсны дээр, хүүхдүүд сургуульд явж чадахгүй байгаагийн улмаас боловсролын систем зогссон. Яг одоо Моголчуудыг Кодуз, Гоор, Кандагар, Баглан, Даконди мужуудаас албадан ирүүлж байна. Бид Афганистанаас яаралтай явах хэрэгтэй байна. Эс тэгвээс дэлхий дахин Афганистанд буй Моголчуудын геноцидийг үзэх болно” гэжээ.




Өнөөдөр бар өдөр

15 цагийн өмнө