Ц.Эрдэнэбаяр: Шатахууны үнэ нэмбэл тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна

Ц.Эрдэнэбаяр: Шатахууны үнэ нэмбэл тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна

АИ-95 авто бензиний үнэ энэ сарын хугацаанд гурван удаа нэмэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар шатахуун түгээх станцуудаар харилцан адилгүй 2550-2650 гэсэн үнээр борлуулагдаж байгаа аж. Өнгөрсөн Мягмар гарагт АМГТГ-аас мэдээлэл хийх үеэр улсын хэмжээнд АИ-95 шатахууны 19 хоногийн нөөц байгааг мэдээлж байсан.

Ингэхдээ шатахууны татан авалт үргэлжилж байгаа тул одоогоор нөөц хомсдох асуудал гарахгүй, үнэ ч нэмэгдэхгүй гэсэн юм.

Тэгвэл АИ-95 шатахууны үнэ литр тутамдаа 100 төгрөгөөр нэмэгдсэн асуудлын талаар АМГТГ-ын Газрын тосны асуудал эрхэлсэн орлогч дарга Ц.Эрдэнэбаяр мэдээлэл хийлээ.

Тэрээр "Үнэ нэмсэн талаар манайд одоогоор мэдээлэл ирээгүй. Хэрвээ шатахуун импортлогч компаниуд үнэ нэмсэн нь тодорхой болвол тухайн компаниудад мэдэгдэл хүргүүлж, үнийг хуучин хэвэнд нь оруулах чиглэлээр сануулга өгч ажиллана. Ингэхдээ үндэслэлгүйгээр үнэ нэмсэн бол гэрээнд заасан заалтын дагуу сануулга өгөх, цаашилбал тусгай эрхийн зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авна. Шатахууны нөөц тасалдана гэх асуудал байхгүй. Компаниудын нөөцийг жил бүр Засгийн газраас тогтоож, баталдаг. Гэрээнд дурьдагдсаны дагуу импортлогчоос шалтгаалахгүй давагдашгүй хүчин зүйлс гэж бий. Үүнд, байгаль орчин, ус цаг уур, нийлүүлэгч талаас нийлүүлэлтээ багасгах гэх мэт зүйлүүд багтдаг. Тэгэхээр хамгийн энгийнээр ойлгоход, тодорхой хэмжээнд нөөц багасаж байгаа. Гэхдээ импортлогч нар БНХАУ, ОХУ-аас шатахууны татан авалтаа хийж байгаа цагт тасалдал үүсэх, нөөц дуусах асуудал гарахгүй" гэлээ.