"Iphone 13" загварын ШИНЭ ГАР утаснууд 729-1099 ам.долларын үнэтэй байна

"Iphone 13" загварын ШИНЭ ГАР утаснууд 729-1099 ам.долларын үнэтэй байна

“Apple” компани амласан ёсоороо “iPhone” ухаалаг гар утасныхаа дөрвөн шинэ загвар, iPad-ийн хоёр шинэ загвар, мөн “Apple Watch Series 7” ухаалаг бугуйн цагаа танилцуулжээ.

Ингээд шинээр танилцуулсан загваруудтай танилцана уу.

iPhone 13- Өмнөх загвартай ижил хэлбэр, хийц, дэлгэцний жижгэрүүлсэн оруулга

  • Өмнөх загваруудаасаа илүү багтаамжтай батарейтай болсон байна. Тодруулбал бүрэн цэнэгээр iPhone 13 Mini нь өмнөхөөсөө 1.5 цаг, iPhone 13 нь 2.5 цаг удаан ажилладаг болжээ.
  • Мөн дэлгэц нь 28 хувиар илүү тод дүрслэлтэй болж, төв процессор нь 50 хувиар илүү, график процессор нь 30 хувиар илүү хурдтай болсон байна.
  • Санах байгууламжийн багтаамжийн сонголтыг 128GB-аас эхлүүлсэн нь өмнөх оны загваруудаас хоёр дахин нэмэгдсэн байна.
  • iPhone 13 ба iPhone 13 Mini загварууд таван өнгөний сонголттой худалдаанд гарах ба шинээр нэмэгдсэн өнгө нь ягаан (Pink) юм.
  • iPhone 13 Mini нь $729, iPhone 13 нь $829 эхлэх үнээр есдүгээр сарын 17-ноос захиалгаа эхэлж, есдүгээр сарын 24-нд худалдаанд гарахаар болжээ.

  iPhone 13 Pro

  • Шинэ iPhone-ий өндөр үзүүлэлттэй загварууд болох iPhone 13 Pro, iPhone 13 Pro Max-ийг мөн танилцуулжээ.
  • Эдгээр шинэ загвар нь 2020 оны iPhone 12 Pro, iPhone 12 Pro Max загваруудаас гадаад хэлбэр, хийцийн хувьд ялгаагүй. Гол том дэвшил нь дэлгэцний давтамжийг Apple-ийн ProMotion adaptive refresh reate технологийн тусламжтай 120Hz хүртэл болгон нэмэгдүүлсэн байна.
  • Өөрөөр хэлбэл тоглоом тоглох зэрэг илүү хүчтэй график шаардсан хэрэглээний үед дэлгэц автоматаар секундэд 120 хүртэл удаа шинэчлэгддэг горимд шилжинэ гэсэн үг юм.
  • Шинэ A15 Bionic чипний ачаар камерны чадал нэмэгдэж, батарейн ажиллагаа өмнөх загваруудаасаа мөн 1.5-2.5 цагаар уртассан байна.
  • Бас iPhone 13 Pro ба iPhone 13 Pro Max нь анхны 1TB хэмжээ бүхий санах байгууламжийн сонголттой iPhone загварууд болжээ.
  • iPhone 13 Pro нь $999, iPhone 13 Pro Max нь $1,099 эхлэх үнээр есдүгээр сарын 17-ноос захиалгаа авч, есдүгээр сарын 24-нд худалдаанд гарах аж.

Шинэ iPhone загваруудын бас нэг дэвшил Cinematic Mode, Photograph Styles

Бүх iPhone 13 загваруудын камер нь Cinematic Mode, Photograph Styles гэсэн хоёр шинэ боломжтой болсон байна. “Cinematic Mode” нь видео дүрсийг бичихдээ гол объектыг тодруулж, арын хэсгийг бүдгэрүүлэх Portrait (хөрөг) маягийн горим юм.

Өөрөөр хэлбэл гэрэл зурагт байсан боломжийг видео дүрсэнд нэвтрүүлжээ. Ингэснээр iPhone-ий камераар мэргэжлийн түвшний видео бичих боломжтой болж байна. Нөгөө нэг шинэ боломж нь “Photograph Styles” юм. Энэ нь гэрэл зураг авахдаа “Vibrant”, “Rich Contrast”, “Warm”, “Cool” зэрэг хэд хэдэн горимоос сонгож, зурагныхаа өнгө аяс, уур амьсгалыг өөрчлөх боломжтой гэсэн үг.

Есдүгээр үеийн iPad, тавдугаар үеийн iPad Mini

  • Apple компани өнгөрсөн шөнө iPad бүтээгдэхүүнийхээ хоёр шинэ загварыг танилцуулсан нь есдүгээр үеийн iPad, тавдугаар үеийн iPad Mini байлаа.
  • Шинэ iPad нь А13 Bionic чипээр тоноглогдож, 12MP-ийн өргөн тусгалтай нүүрний камертай болсон байна. Хамгийн багадаа 64GB-ийн санах байгууламжтай гарах шинэ iPad нь есдүгээр сарын 24-нөөс $329 эхлэх үнээр худалдаалагдаж эхлэх гэнэ.
  • Сүүлийн 2.5 жил орчим хугацаанд огт шинэчлээгүй байсан iPad Mini бүтээгдэхүүнээ Apple энэ удаа том загваруудтай ижил түвшний техник үзүүлэлттэйгээр гаргасан байна.
  • Тухайлбал илүү хурдтай чип, 12MP нүүрний камераар тоноглож, 5G холболтыг нэмж, USB-C порттой болгожээ. Мөн соронзон тогтоогчтой хоёрдугаар үеийн Apple Pencil үзэгтэй ажиллах боломжийг нэмсэн байна.
  • 3 инчийн дэлгэцтэй шинэ iPad Mini есдүгээр сарын 24-нд $499-өөс эхлэх үнээр зарагдах ажээ.

Хамгийн том дэлгэцтэй Apple Watch

Apple-ийн зарласан бас нэг шинэ бүтээгдэхүүн нь ухаалаг бугуйн цаг Apple Watch Series 7 байлаа. 41 ба 45 мм-ийн хэмжээтэй дэлгэцтэй гарч байгаа нь өмнөх бүх загваруудаас хамгийн томд тооцогдож байна. Тодруулбал Series 6 нь 40 ба 44 мм-ийн хэмжээтэй дэлгэцтэй юм. Таван шинэ өнгөний сонголттой Apple Watch Series 7 энэ намрын сүүлээр (тодорхой өдөр зарлаагүй) $399-өөс эхлэх үнэтэй худалдаанд гарах тухай Apple мэдээлжээ.