Арслан зааныг 15 сая ам.доллараар дахин амьдруулах төсөл хэрэгжүүлнэ

Арслан зааныг 15 сая ам.доллараар дахин амьдруулах төсөл хэрэгжүүлнэ

Эрдэмтэд арван мянга орчим жилийн өмнө дэлхийд амьдарч байсан устаж үгүй болсон арслан заануудыг дахин амьдруулна гэжээ.

Тус шинжлэх ухааны төсөл нь сүүлийн жилүүдэд ихээхэн яригдаж байгаа ч одоог болтол бодит хэрэгжилтгүй байсан юм. Тэгвэл өчигдөр /2021.09.13/ эрдэмтэд тус амьтныг сэргээх төсөлд 15 сая ам.долларын санхүүжилт авсан гэдгээ зарлажээ.

Санхүүжилтийг биотехнологийн “Colossal” гэх компани гаргаж байгаа ба тус компанийг мэдээллийн технологийн салбарын бизнесмен Бэн Ламм, Харвардын анагаах ухааны сургуулийн генетикийн профессор Жорж Чурч нар хамтран байгуулж байжээ.

Эрдэмтэд эхний хугацаанд заан ба арслан зааны эрлийз тугалыг лабораторийн орчинд гаргаж авах зорилго тавиад байгаа ба тэгэхдээ Азийн бүс орчмын зааны арьснаас авсан эсийг арслан зааны олдворын ДНХ-тэй нийлүүлэх аж. Энэхүү төсөлд ямар нэг саад учрахгүй бол ойрын зургаан жилийн дотор гэхэд арслан зааны тугал хиймэл умайгаас төрнө гэжээ.

Эх сурвалж: BBC