ШХАБ-т Ираныг гишүүнээр элсүүлэх үйл явц эхэлжээ

ШХАБ-т Ираныг гишүүнээр элсүүлэх үйл явц эхэлжээ

Энэ сарын 16, 17-нд Тажикистанд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр Ираныг гишүүнээр элсүүлэх үйл явц эхэлснийг зарлах аж. Уг уулзалтад Ираны шинэ Ерөнхийлөгч Эбрахим Раиси оролцох юм байна. Энэ нь түүний гадаад улс дахь анхны айлчлал юм. 

ШХАБ нь 1996 онд Казахстан, Киргиз, Хятад, Орос, Тажикистан гэсэн гишүүнчлэлтэйгээр байгуулагдаж байв. Одоо нийт найман гишүүн оронтой. Хамгийн сүүлд Энэтхэг Пакистаныг гишүүнээр элсүүлсэн. Харин ажиглагчаар Иран, Афганистан, Беларусь, Монгол ажилладаг. Үүнээс гадна Азербайжан, Армени, Камбож, Балба, Турк, Шри Ланка яриа хэлэлцээний түншийн статустай. Мөн Бангладеш, Саудын Араб, Сири, Египет, Израил, Мальдив, Украин, Ирак, Вьетнам, Бахрейн, АНЭУ, Катар гэсэн 12 улс ажиглагч, эсвэл түншийн статустай болохыг эрмэлзэж буй.