ФОТО: Дуу хуур, бужигнаан цэнгээгүй хичээлийн шинэ жил

ФОТО: Дуу хуур, бужигнаан цэнгээгүй хичээлийн шинэ жил

Өнөөдөр 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн эхний өдөр. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гэрээсээ цахимаар хичээллэж байсан багш, сурагчид өнөөдөр хөөр баяртайгаар танхимын хичээлээ эхлүүлж байна. Хэдийгээр коронавирусийн цар тахлын хүндхэн нөхцөл байдалд бид сургуулиа нээж, хичээлээ эхлүүлж буй ч удахгүй сайхан цаг ирнэ гэдэгт итгэнэ.

Энэ жилийн хувьд 81 мянган хүүхэд ерөнхий боловсролын сургуульд элсэн орно. Ингэснээр улсын хэмжээнд 700 гаруй мянган сурагч цахим болон танхимын сургалтаар боловсрол эзэмших статистик гарчээ.

Улсын сургуулиудын хувьд долоо хоног танхимд үргэлжлүүлэн долоо хоног цахимаар хичээлээ орох зохицуулалтыг салбар яамнаас хийсэн. Энэ нь хүүхэд гэртээ байх долоо хоногийн хугацаандаа халдварын ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл мэдэж бусдад тархаахгүй байх зорилготой гэж буй.

Өмнө нь цар тахалгүй, энгийн үед жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдөр хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа өргөн дэлгэр болж сургуулийн захиргаа, багш нар сурагчдаа ёслол төгөлдөр угтан авдаг уламжлалтай байсан.

Харин энэ жилийн хувьд цар тахлын нөхцөл байдлын улмаас хүний бөөгнөрөл үүсэхээс сэргийлж хичээлийн шинэ жилийн нээлтийг бүх сургуулиуд цуцлаад байгаа юм.