Ковид-19 халдвар авч, эдгэсэн 180 орчим сурагч ирэх сарын 2-4-ний өдөр ЭЕШ өгнө

Ковид-19 халдвар авч, эдгэсэн 180 орчим сурагч ирэх сарын 2-4-ний өдөр ЭЕШ өгнө

Улсын хэмжээнд Ковид-19 халдвар авч, эдгэсэн 180 орчим сурагч есдүгээр сарын 2-4-ний өдрүүдэд Элсэлтийн ерөнхий шалгалт / ЭЕШ / өгөх ажээ.

Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн Шалгалт, судалгаа хариуцсан хэлтсийн дарга М.Болдсайхан “Улаанбаатар хотоос гадна 12 аймагт нийтдээ 13 шалгалтын байр бэлдэж, шалгалтыг зохион байгуулна. Шалгалтад орох шалгуулагчдын нэрсийг Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн. Өчигдөр /2021.08.30/ суудлын хуваарийг нь хэвлэсэн.

Халдвар авч, эдгэрсэн сурагчдын шалгалтын материалыг дахин шинээр боловсруулсан. Шинээр боловсруулсан сэдэв, даалгаварын материалыг Тагнуулын ерөнхий газрын тусгай шуудангийн албаар дамжуулж, шалгалтын байр, орон нутгуудад хүргүүлнэ.Шалгуулагчид анги танхимд ирэхдээ иргэний үнэмлэх, бусад холбогдох бичиг баримт, суудлын хуваарь, бүртгэлийн хуудастайгаа ирнэ. Эрүүл мэндийн яамнаас нэгдсэн байдлаар ЭЕШ өгөх сурагчдын нэрсийг явуулж байгаа учраас эмнэлгийн бичиг шаардахгүй. Халдвар авсан хүүхдүүдийн тоо өндөр байгаа ч яг арванхоёрдугаар ангиа төгсч, ЭЕШ өгөх гэж байгаа нь хүүхдүүдийн тоо бага байна. Шалгалт улсын хэмжээнд өглөө 10.00 цагт эхэлнэ.

Энэ шалгалтад зөвхөн Covid-19-өөр өвчилсөн хүүхдүүд орно. Өөр ямар нэгэн шалтгаантай сурагчид шалгалт өгөх боломжгүй” гэжээ. 

С.АРИУНСУВД