Албан хааж байхдаа ЭЕШ өгч, МУИС- д тэнцсэн Б.Чинбат: Цэргийн хувцастай шалгалт өгөхөд хүмүүс маш их гайхаж харсан

Албан хааж байхдаа ЭЕШ өгч, МУИС- д тэнцсэн Б.Чинбат: Цэргийн хувцастай шалгалт өгөхөд хүмүүс маш их гайхаж харсан

Хилийн 0132 дугаар ангийн дугаар салбарт хугацаат цэргийн алба хааж буй ахлах байлдагч Б.Чинбат Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэн оролцож, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургуульд Программ хангамжийн мэргэжлээр суралцах батламжаа гардан авсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Энэ тухай Хил хамгаалах ерөнхий газрын олон нийттэй харилцах албанаас "Эх орныхоо торгон хилээ хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ хүсэл мөрөөдөлдөө хүрч буй хилчин байлдагчдаа баяр хүргэе" хэмээн мэндчилгээ дэвшүүлсэн билээ. Алс холын Дорнод аймгийн Хилийн цэрэгт алба хаахынхаа сацуу хүсэл мөрөөдлийнхөө дагуу боловсрол эзэмшихээр болсон Б.Чинбаттай бид холбогдлоо. Хүн мөрөөдөлтэй байгаад түүнийхээ төлөө зогсолтгүй хичээж чадвал цэргийн алба хаахынхаа хажуугаар ч улсын их сургуульд элсэх боломжтой аж. Түүний туршлагыг бусад залууст мотиваци болгох үүднээс хуваалцаж байна. 

Бид түүнтэй ангийн захирагчаар нь дамжуулан и-мэйлээр харилцсан болно. Учир нь цэргийн ангид гар утсаар ярих боломжгүй юм. 

-Сайн байна уу танд энэ өдрийн мэнд хүргэе. Өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Намайг Баттөмөрийн Чинбат гэдэг. Би 20 настай барилгын инженер мэргэжлээр баклаврын зэрэгтэй. Аав, ээж, хоёр ахын хамт Улаанбаатар хотод амьдардаг. Улаанбаатар хотын унаган хүү. 

-Цэргийн албанаас хэзээ халагдах гэж байна. Цэрэгт явах чиний бас нэг мөрөөдөл байв уу? 

-2020 оны хоёрдугаар ээлжээр Хилийн 0132 дугаар ангид татагдан ирээд 10 дахь сардаа цэргийн албаа хааж байна. Эр хүн болсон хойн цэргийн албыг хаая гэж боддог байсан. Эх орны торгон хилийг яаж хамгаалдгийг мэдэж түүнд гар бие оролцож буйдаа баяртай байна. Ер хь хилийн цэрэгт алба хаана гэдэг нь илүү сайхан санагддаг. Яагаад гэвэл улсын хилийнхээ торгон шугман дээр хамгийн анхны нарыг харах, хэний ч гишгээгүй газар гишгэх гэх мэт омогших зүйл их байдаг. Мөн байгальтайгаа ойр байхаас эхлээд цэргийн маш олон найз нөхөдтэй болж олон хүнтэй харьцах нь хамгийн сайхан нь юм болов уу.

-САЛБАРЫН БИЕ БҮРЭЛДЭХҮҮН ГЭРЭЭСЭЭ НОМ АВЧИРЧ ӨГЧ, ЦАХИМААР ЖИШИГ ДААЛГАВАР ХИЙЛГЭЖ БАЙСАН-

-Барилгын инженер мэргэжилтэй мөртлөө дахин мэргэжил эзэмшихээр ЭЕШ өгчээ. Шалгалтдаа хэзээнээс бэлдсэн бэ?

-Хилийн цэрэгт алба хааснаар өөрийгөө илүү таниж өөрийнхөө сонирхлын дагуу мэргэжилтэй болох зорилгоор энэ оны гуравдугаар сараас ЭЕШ өгнө гэж шийдээд бэлдэж эхэлсэн.

-Цэргийн ангид, харуулд гарах үедээ шалгалтад бэлдэхэд хүндрэл гарч байв уу. Хэрэгтэй ном, сэтгүүлээс эхлээд дутуу зүйл байв уу. Алба хаахын сацуу хэрхэн шалгалтад бэлдсэн бэ? 

-Анги хамт олон ялангуяа салбарын бүрэлдэхүүн маш их дэмжлэг үзүүлж гэрээсээ ном авчирч өгч судлуулах, цахимаар жишиг даалгавар хийх зэргээр бэлдсэн. Манай салбарын захирагч ахмад Ж.Балжинням ЭЕШ өгнө гэхэд маш гоёор хүлээн авч урам өгсөн. Хүн ер нь хүсэл мөрөөдөл, зорилгынхоо төлөө ямар ч тохиолдолд өөртөө зав гаргах боломжтой гэж боддог. Би алба, хичээлийн давтлага хоёроо цалгардуулахгүйгээр бэлдэж чадсан. 

-ХҮСЭХ ЮМ БОЛ ХААНА Ч, ЯМАР Ч НӨХЦӨЛД СУРАЛЦАХ БОЛОМЖТОЙ-

-ЭЕШ-ын оноог нь сонсоод хамт олон болон гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээн авсан бэ?

-Анги, салбарын бүрэлдэхүүний маань тусламж дэмжлэг мөн миний хүсэл, мөрөөдөл өөрийгөө чадна гэсэн итгэл нөлөөлж сайн өгсөн гэж бодож байна. Намайг хүссэн сургуульдаа хүссэн мэргэжлээрээ суралцах болсон талаар хамгийн эхэлж Хил хамгаалах ерөнхий газрын олон нийттэй харилцах цахим хуудсанд тавигдсан байсныг салбарын маань офицер, ахлагч нар  хараад баяртайгаар надад хэлж аав, ээжтэй минь утсаар яриулсан. Аав, ээж маань их баярласан байсан.

-ЭЕШ өгөх үеийн үйл явцыг ярихгүй юу. Хаана, яаж өгөв?

-ЭЕШ өгөхөөс гурав хоногийн өмнө намайг ангийн байрлал руу татсан. Дорнод аймгийн Улсын тэргүүний нэгдүгээр сургуульд шалгалтаа өгсөн. Шалгалт өгөхийн өмнө маш их сандрал байсан. Би цэргийн хувцастайгаа очсон болохоор хүмүүс бүгд хараад л их эвгүй байсан. Яг шалгалтаа өгөөд эхэлхэд сандрал арилаад бүх хүч чадлаа дайчилсан. Төгсгөлд нь хэлэхэд, хэрвээ хүн өөрөө хүсэх юм бол хаана ч, ямар ч нөхцөлд суралцаж таньж мэдэх боломжтой тул өөрийнхөө зорилгын төлөө тууштай тэмцээрэй гэж хэлье. 

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье. 

 




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө