Токио 2020 олимпын наадамд Монгол Улсаас спортын 10 төрөлд 43 тамирчин оролцож буй. Улмаар долдугаар сарын 21-ний өдөр жүдо бөх, байт харваа, ширээний теннис, усанд сэлэлт, буудлагын баг тамирчид болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МҮОХ, БТСУХ-ны удирдлагууд, хэвлэл мэдээллийнхэн нийлсэн 72 хүний бүрэлдэхүүнтэй баг Япон улсыг зорьсон.
Үүний дараа зарим тамирчны дасгалжуулагчийг олимп руу авч яваагүйг иргэд шүүмжилж байв. Тэгвэл Монголын Жүдо багийн терапист багш Масатоши Нишикидо өөрийн фейсбүүк хуудаснаа дараах мэдэгдлийг хийжээ.
“Би 2020 оны нэгдүгээр сараас Монголын Жүдогийн шигшээ багийн терапистаар ажиллаж байна. “Athletic trainer” ба “Physical therapist” гэдэг миний мэргэжил бол гэмтлээс урьдчилан хамгаалах дасгал ба бие халаалт, taping, эмчилгээ, гэмтлийн дараах спортод эргэн орох сэргээн засах эмчилгээ, ядралт сэргээх массаж гэх мэт зүйлийг хариуцаж хийдэг. Нүдэнд харагддаггүй арын алба гэсэн үг. Монголд энэ мэргэжлийг сайн мэддэггүй, гэвч дэлхий дээрх бүх төрлийн спортын багт дор хаяж заавал нэг мэргэжилтэн байдаг. Уг постыг хийхээс үнэхээр санаа зовсон ч, энэ салбарыг хөгжүүлэхийн тулд хэрэгтэй гэж бодож хийлээ.
Энэ хоёр жил бүх тэмцээнд багтайгаа цуг явсан ч, зөвхөн олимпод явж чадсангүй. Дасгалжуулагч нар намайг авч явахын тулд хичээсэн ч бүтсэнгүй. Олимпод яваагүй гэдэгт миний уур хүрч, бухимдаагүй. Тамирчдад амжилт гаргахад нь, миний тусламж хамгийн их хэрэгтэй чухал үед тусалж чадахгүй байгаадаа маш их харамсаж байна.
Цаашдаа ийм асуудал дахин үүсэхгүй гэж найдаж, хүсэж байна. Энэ олимпод манай бүх тамирчин, дасгалжуулагч нар маш сайн оролцсон. Энэ багт ажиллаж байгаадаа бахархаж байна. Мөн зөвхөн жүдо гэлтгүй, Монголын бүх спортын төрлүүдийг илүү хөгжүүлэхийн тулд манай мэргэжилтнүүдийг нэмж ажиллуулна гэдэгт найдаж байна. Баярлалаа” гэжээ.