АИ-92 шатахууны үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр нэмэгдлээ

АИ-92 шатахууны үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр нэмэгдлээ

Өнөөдрөөс /2021-07-30/ эхлэн АИ-92 шатахууны үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр нэмэгдэж 2050 боллоо.

Мөн өчигдөр /2021-07-29/ АМГТГ-аас шатахууны үнийн талаар мэдээлэл хийх үеэр орлогч дарга Ц.Эрдэнэбаяр ийн хэлсэн байдаг. Тэрбээр

“АИ92 автобензин өнгөрсөн жил нэг тонн нь 260-280 ам.доллар байсан бол өнөөдрийн байдлаар 733 ам.доллар болсон байна. ОПЕК-ын орнууд хуралдаж, өдрийн олборлолтын хэмжээг 400 орчим сая баррелиар нэмэгдүүлэх тохиролцоонд хүрснээр үнэ бага зэрэг буурсан ч цаашид өсөх хандлагатай байна. Энэ нь үйлдвэрлэгч биш импортлогч манай улсад шууд нөлөөлж, бензиний үнэ өснө.

Дэлхийн зах зээлд газрын тосны бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн ч өртгөө тооцвол манай улсад нэг литр АИ92 автобензиний үнэ 2000 гаруй төгрөг байгаа. Үүнийг бид 1750 төгрөгөөр худалдаалж байна.

Цар тахлын үед вакцинжуулалтыг хангалттай хувьд хүрэх хүртэл ААН-үүдтэй зөвшилцөж, үнийг нь барьж ажилласан. Яагаад гэвэл автобензиний үнэ нэмэгдэхэд өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх хандлагатай байдаг. Ингэж үнэ барих үед шатахуун импортлогч аж ахуй нэгжүүдэд 30 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсан байна” хэмээсэн юм.

Үүнээс гадна манай улсад шатахуун импортлогч гол орон болох ОХУ-д шатахууны үнэ литр тутамдаа дунджаар 48.44 рублиэр /1888 төгрөг/ өссөн байна.